Н.МӨНХЖИН

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мун Жэ Ин хоёр улсын харилцааг хэвийн болгох зорилгоор Хойд Солонгост айлчлахад бэлэн хэмээн мэдэгдэв. Тэрээр Сөүл хотод болсон тангараг өргөх ёслол дээр ийнхүү онцолжээ. “Хэрэв шаардлагатай бол би Вашингтон руу нисэхэд бэлэн байна. Нөхцөл байдал бүрдвэл би Бээжин, Токио руу явах болно. Пхеньян руу ч явахад бэлэн байна” хэмээн Мун Жае Ин ярилаа. Ардчилсан намаас дэвшиж ялалт байгуулсан Мун Жэ Ин Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийхийг дэмждэг. Тэрээр Ерөнхийлөгч Ро Мун Хегийн үед Хойд Солонгостой хэлэлцээ хийх, харилцаагаа хэвийн болгох зорилготой “Нарны бодлого”-ыг хэрэгжүүлж байсан юм. 64 настай Мун Жэ Ин “Тобура” Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогчдын 41 хувийн саналаар ялалт байгуулжээ.

Цагаан ордон Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэсэн байна. Д.Трампын засаг захиргаа Хойд Солонгосын эсрэг хатуу бодлого баримтална гэж мэдэгдэж байсан. Харин Мун Жэ Ин эрх мэдэлд гарч ирснээр АНУ-ын Хойд Солонгосын талаарх бодлогод хүндрэл гарч магадгүй болов. АНУ-ын Ерөнхийлөгч Өмнөд Солонгосын шинэ лидерт баяр хүргэсэн гэж үзэж болохгүй, энэ мэдэгдлийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер хийсэн нь ёс төдий зүйл хэмээн ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хойд Солонгос олон хатуу хориг арга хэмжээнд өртсөн бол, Пак Гын Хегийн Засгийн газар хойд хөрштэйгөө тогтоогоод байсан бараг бүх харилцааг таслан зогсоосон юм. Шинэ Ерөнхийлөгч Мун Жэ Ин хойдуудтай яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо нэмэгдүүлэх бодлого баримтлах нь тодорхой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин