Н.МӨНХЖИН

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп CBS телевизийн нэвтрүүлэгт орохдоо Хойд Солонгосын удирдагчийн талаар ярьжээ. “Хүмүүс надаас асуудаг, тэр хэвийн хүн мөн үү гэж. Надад тэр талаар ойлголт алга. Гэхдээ тэр эцгийнхээ үхлийн дараа эрх мэдлийг гартаа авахдаа их залуухан 26, 27 настай байсан. Ким Чен Ун генералууд болон бусад улстөрч гээд маш хэцүү, эвгүй хүмүүстэй ажил хэрэг явуулах хэрэгтэй болсон. Тэр хар залуугаараа эрх мэдлийг атгаж, барьж чадсан. Олон хүн, тэр тусмаа түүний хүргэн ах нь түүнээс эрх мэдлийг нь булааж авах гэж оролдсон гэдэгт би итгэлтэй байна. Гэвч тэр тэсч чадсан. Тэгэхээр тэр хангалттай ухаантай залуу гэдэг нь харагдаж байна” хэмээн Америкийн лидер ярьжээ.

Ким Чен Уны хүргэн ах Чан Сон Тэк төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгагдан 2013 оны арванхоёрдугаар сард цаазаар авахуулсан билээ. Чан Сон Тэк нь Ким Чен Ирийн хамгийн ойрын шадар, Хойд Солонгос дахь хамгийн нөлөө бүхий хүний нэг байсан юм. Ким Чен Ун эрх мэдэлд гарснаасаа хойш хоёр жилийн дараа ийнхүү хамгийн тэрслүү, хамгийн аюултай өрсөлдөгчөө замаасаа зайлуулсан аж.

Хойд Солонгосын тал өнгөрсөн амралтын өдөр ээлжит баллистик пуужингийн туршилтаа хийжээ.  Гэвч энэ туршилт амжилтгүй болж пуужин Хойд Солонгосын газар нутаг дээр дэлбэрсэн хэмээн Өмнөд Солонгос мэдээлэв. Пхеньяны эдгээр үйлдэлд хариу арга хэмжээ авах уу гэсэн асуултад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Би энэ сэдвээр яриад баймааргүй байна. Бид юу хийх гэж буйгаа яриад, дэлгээд байж болохгүй. Энэ бол яг шатрын өрөг л гэсэн үг. Юу бодож, юу сэдэж байгаагаа ил гаргаад байх хэрэггүй” хэмээн хариулжээ. Гэсэн хэдий ч тэрээр Хойд Солонгосын хямралыг цэрэг, дайны замаар шийдэх боломжийг үгүйсгэсэнгүй.

Хойд Солонгос, АНУ-ын харилцаа сүүлийн үед ихээхэн муудаад байна. Пхеньян баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлэн хийж хөрш Өмнөд Солонгос, Япон болон АНУ-ыг ихээхэн түгшээгээд байгаа билээ. Харин Вашингтон Солонгосын хойг руу “Карл Винсон” байлдааны тээгч хөлөг онгоцоо илгээжээ. АНУ ийнхүү сүр хүчээ үзүүлж буйн хариуг нь барина, хүчтэй цохилт өгнө хэмээн хойдууд мэдэгдэж байна. Хойд Солонгосын арми хариу цохилт өгч “Карл Винсон”-ыг живүүлэх ч боломжтой хэмээн мэдэгджээ. Хойд Солонгосын хямралыг шийдвэрлэхэд Пхеньяны гол түнш Хятадыг гол үүрэг гүйцэтгээсэй гэж АНУ хүсч байна. Хятадын лидер Ким Чен Унд шахалт үзүүлснээр цөмийн хэнээрхлийг нь зогсоож чадна хэмээн Дональд Трамп үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин