Б.ЗАЯА
Засгийн газраас төсвийн тодотголыг хэлэлцүүлэх үеэр концесс хэрэгжүүлэхээр оруулж ирсэн асуудлаар АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, С.Эрдэнэболд нар өчигдөр мэдээлэл хийв. Долоон концессийг 744 тэрбум 90 сая төгрөгөөр санхүүжүүлэх болсон нь эрх баригчдын хулгай ил цагаандаа гарч байгаа үйлдэл хэмээн тэд тайлбарлав.
Энэ талаар АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Сайд Н.Номтойбаярын “Монголын Алт” компани 78 тэрбум 752 сая төгрөгийн концессийн гэрээ хийхээр болоод байна. Мөн С.Бямбацогт сайд 77 тэрбум 695 сая төгрөгийн концессийг авсан. Ж.Мөнхбат сайд “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон концесс бол минийх” гэж ил цагаандаа зарласан. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрынхан өөрсдөө хулгай хийж байна. Үнэхээр шударга шүүх, шударга хууль гэж байдаг бол МАН-ын дарга М.Энхболд нэр дэвших эрхээ хасууллаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад МАН-ын дарга М.Энхболд “Бүрэн зураглал” нэвтрүүлгийг 10 гаруй телевизээр дамжуулж, хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан сонгуулийн сурталчилгаа хийлээ. Хуулийг уландаа гишгэж, сурталчилгааг эхлүүлж болохгүй. Ардчилсан нам энэ асуудлаар Сонгуулийн Ерөнхий хороонд хандана гэв.
Тэрээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарын хоорондоо гэрээ байгуулж машин авсан баримтыг дэлгэв. О.Магнай энэ талаар тайлбарлахдаа “Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат хоёр хоорондоо гэрээ хийж, машин худалдаж авсан байгаа юм. 2012 оны зургадугаар сард ЗЦГ-аас олгосон “Toyota Lexus 570” маркийн машиныг 150 сая төгрөгөөр худалдаж авлаа гэсэн гэрээ хийсэн байна. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь нэмэгдээгүй байгаа. Энэ машин одоо хаана байгаа вэ. Ж.Эрдэнэбат энэ машины 150 сая төгрөгийг хаанаас олсныг тодруулах шаардлагатай” гэв.
Түүнчлэн Ардчилсан намын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд “Өнөөдөр Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэх өдөр болж байна. Эрх баригч нам бодлогоор нийгмийн дундаж давхаргын иргэдийнхээ амьжиргаанд ноцтой халдлаа гэж Ардчилсан нам үзэж байна. Төсвийн тодотголоор архи, тамхи, бензин, дизель түлш, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс гадна хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэгдүүлэх, хадгаламжийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр болсон. Олон улсын валютын сан өнгөрсөн сарын 28-нд Монголын нөхцөл байдлын талаар ярилцах ёстой байсан. Гэвч ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа. Сангийн сайдын зүгээс “ОУВС татвар нэм гэж шаардлага тавьж байгаа. Тиймээс ямар ч аргагүй” гэдэг тайлбарыг өгсөн. Гэтэл ОУВС-гийн төлөөллийн зүгээс ямар зардлаа танах нь Засгийн газрын шийдэх асуудал гэж сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Жилд дунджаар 36 мянган машин зарагддаг. Үүний 80-85 хувь “Приус” машин. Гэтэл “Приус” машины татварыг таван сая төгрөгөөр, hybret хөдөлгүүртэй суудлын машины татварыг 5.8 сая төгрөгөөр, harier 6.6 сая төгрөгөөр нэмэгдэх тооцоо байна. Автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр МАН дундаж давхаргаа ядууруулах бодлого барьж байна. МАН-ынхан дэд сайдуудаа цөөлөөгүй, улсын өмчит үйлдвэрийн газрынхан нь хэдэн сая төгрөгөөр тансаглаж байна. Тэд бүсээ чангалаагүй. Гэтэл ард түмний нуруун дээр ачаа ирж байна. Энэ бол Ардын намын санаатай алдаа. Тиймээс М.Энхболд болон МАН-д хандаж бодлогоо засах шаардлагыг тавьж байна” гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин