М.ХҮСЛЭН

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд тус улсын иргэдэд хандаж энэ сарын 7-нд болох төрийн тэргүүний сонгуулийн шийдвэрлэх шатанд Эммануэль Макроны төлөө саналаа өгөхийг уриалсан байна.

Өнгөрсөн бямба гаригт Брюссельд болсон Европын холбооны чуулга уулзалтын үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа Олланд ирэх сонгуулийн өдөр хэт үндсэрхэг үзэлтнүүдийн удирдагч, Европын холбоог эсэргүүцэгч Марин Ле Пенд биш, түүний өрсөлдөгч Европын интеграцийг дэмжигч, төвч үзэлтэй улстөрч Макроныг дэмжих нь сонгогч бүрийн Франц улсын төлөө хийх чухал сонголт гэжээ.

Урьдчилсан санал асуулгаар нийт сонгогчдын 60 орчим хувь нь Макроны төлөө, ойролцоогоор 40 орчим хувь нь Ле Пенийг дэмжжээ. Шинжээчдийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Марин Ле Пений чансаа таван хувиар нэмэгдсэн гэнэ.

Марин Ле Пен өнгөрсөн бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ хэрэв сонгуульд ялалт байгуулж чадвал Ерөнхий сайдын албанд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн, үндсэрхэг үзэлтэй Николя Дюпон-Эньяныг томилно гэв. Дюпон-Эньян өнгөрсөн сарын 23-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд сонгогчдын 4.7 хувийн санал авчээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин