О.ЧУЛУУТ
Дарга намайг хэзээ ажлаас чөлөөлөх бол. Хэн миний ажлын зөөлөн суудалд тухлах бол хэмээн чимээ сонсч, ийш тийш утас цохин чихээ сортойлгоно. Овоо олон жил хүн шиг амьдруулсан албыг “Май” гээд бусдад сул өгмөөргүй байдаг. Миний оронд чадалтай хүн ирэх болов уу. Эсвэл бүр маанаг “амьтан”-д ажлаа өгсөн нь дээр үү. Бөгс ухчих “амьтан” ирэх нь гарцаагүй гэх мэтээр өөрийгөө шөвгөдөж суух дарга нар ямар нэг тушаал гарахыг амьсгаа тавин хүлээх болжээ. Нийслэлийн Тамгын газар орчимд ингэж түгшсэн хүн олон байна. Тэд МАН-ын угшилтай эрхмүүд. Сэтгэлийн шаналгаа гэж үүнийг хэлдэг болов уу хэмээн тойрох хуудсаа хүлээсэн нийслэлийн хурган дарга нар айдастайгаар ажлаа явуулж байна. Ингэж шаналж, стресстэж, чичлүүлж байхаар өөрийгөө бодоод бушуухан ажлаа өгчихмөөр санагдана. Гэтэл намын нөхөд нь “Наанаа байж бай” гэсэн даалгавар өгчихсөн. Хэзээ халагдах тушаал гарах бол гэсэн шаналгаатай бодлын зэрэгцээ дараагийн ажлаа эрж, сурж ийш, тийш утас цохих болжээ. Зарим нь томчуудаар мундагдуулдсан ч тусыг эс олов. НМХГ-ын дарга асан ажлаа өгөхгүй гэхдээ УИХ-ын гишүүдээр хотын мээр Э.Бат-Үүл рүү утасдуулж “Л.Бямбасүрэнг үлдээчих л дээ. Манай ангийн, нэг ширээний охин байгаа юм, хамаатны дүү байгаа юм. Хамаатны өрх толгойлсон эмэгтэй” гэж лоббидуулсан ч тусыг эс олсон гэж ярих юм. “Хэн гуай ч утасдсан халахдаа л хална. Бусдад нь сургамж болог” гэж чичирч байсан Үүл даргын хорсолтой царай телевизээр тэр оройжин гарч билээ.

Үүл баатар хотод чимээгүй томилгоо хийхдээ гаршиж байна уу. Уг нь мээрийн хэлснээр гоё, гоё шийдвэрүүд амьдралд хэрэгжих учиртай. Төрийн албаныхан хувийн, үнэтэй унаагаа гараашдаа үлдээгээд нийтийн тээврээр зорчино. Хууль зөрчиж барьсан барилгуудыг нураана гэх мэтээр гаргасан шийдвэр, гаргалгаа хотын иргэдэд таалагдсан. Цахим уншигчид дээрх шийдвэрүүдэд like хийсэн нь гарцаагүй. Харин АН-ын гаралтай эздийн барьж буй барилга хууль бус барилгын жагсаалтаас мултарч, дарга нарын хууль зөрчиж барьсан, шаардлага хангаагүй үнэтэй хаус ч гэсэн түүний ивээлд орсон. Ийм явдал яагаад ч хэвлэлийнхний хараанаас зайлахгүй. Нийслэлийн шинэ удирдлагын шийдвэртэй зэрэгцээд гомдол, шүүмжлэл дагуулах зүйл ч багагүй гарав.
“Нийслэлээс гарсан ямарваа тушаал, шийдвэрийг 24 цагийн дотор олон нийтэд мэдээлэх ёстой. Үгүй бол хүчингүй гэж ойлгоорой” хэмээн тэрбээр Иргэний танхимдаа зарлаж байсан удаатай. Мээр хэлсэн үгээ мартсан бололтой. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганыг өөрийн тушаалаар томилоод лав 14 хоносны дараа нийтэд, өөрсдийн цахим хуудсаар, хэвлэлээр олонд танилцуулж байсан. Түүнтэй зэрэгцэн Нийслэлийн Өмчийн харилцаа, Нийслэлийн Цагдаагийн, “Улаанбаатар зам засвар, арчлалт компани” НӨҮГ-ын, Ус сувгийн удирдах газрын дарга зэрэг олон хүнийг бөөндөж томилсныг уншиж чаддаг бүх хүн цахим хуудаснаас нь харсан байх.
Төрийн албанд олон жил ажиллаж туршлагажсан дарга нарыг хоморголон халж буй нь дээрээс шидсэн чулуу юм гэнэ. Энэ хэргийг “Засгийн газрын тэргүүн шалгаарай” гэж хэлээд өвдөг шороодогчид гомдлоо хэвлэлийнхнээр дамжуулсан.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн төр, захиргааны байгууллагууд МАН-ынхнаар дүүрсэн билээ. Заримыг нь хэрвээ саналаараа ажлаа өгвөл АТГ-аар шалгуулахгүй гэдэг болжээ. Мөн МАН-ынхны зарим даргыг АН-ын хүнээр дагалдуулж байгаад орлон гүйцэтгэгчээр тавьдаг жишиг тогтож байна гэв. Нэгэн цагт МАН-ын үүр байсан нийслэлийн захиргааны байгууллагуудад АН-ынхан богино хугацаанд өөрчлөлт хийлээ. Одоо нийслэлийн харьяа байгууллагуудын дарга нар АН-ынхны гишүүдээр цусаа сэлбэж байна. Гэхдээ сайнтай, муутай сав дүүрдэг шиг биш юм. Цөөхөн хурган дарга өөрсдийгөө “халаа, сэлгээнд өртсөнгүй. Үлдчихлээ” хэмээн баясч суугаа дуулдсан. Зарим нь хэзээ муур багш ирж хулганаа идэх бол хэмээн шаналж, хүлээж өдөр, хоногийг тэгсгээд өнгөрүүлж байх жишээтэй. Шинэхэн даргыг дагалдуулж, дадлагажуулж байгаад Үүл баатар өөрийн мэхийг гэнэт хийж тушаал гаргахыг тэд мартжээ. Намын нөхдөөсөө нэгийг нь ч гэсэн төрийн албанд тохоон томилох гэж зүтгэж буй нь ойрын хоёр сарын дотор хийсэн хотын шинэ дарга нарын томилгооноос харагдав.
Энэ газраас олон даргыг залж ирснээр наад өнгөндөө нийслэлд буй авлигыг таслана гэж суугаа ч дээрээс захиалгатай ажлыг яалтай билээ. Тэр томилгоогоо хурдхан хийж дуусгаасай гэж шаналгаатай хүлээх хүн нийслэлд дэндүү олон болжээ.
Намын нөхдөөсөө нэгийг нь ч гэсэн төрийн албанд тохоон томилох гэж зүтгэж буй нь ойрын хоёр сарын дотор хийсэн хотын шинэ дарга нарын томилгооноос харагдав.
Түүний хамгийн найдвартай, бас захиастай, хайртай газар нь АТГ.