М.ХҮСЛЭН
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс уржигдар БНСУ-д айлчлахаар хүрэлцэн ирлээ. Тэрээр Өмнөд Солонгост ирсэн даруйдаа зэвсэггүй бүст ойрхон оршдог “Кемп Бонифас” цэргийн баазад очсон байна.
Майк Пенс хоёр Солонгосын хилийн бүсэд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор хойгт байдал хурцадсан үетэй давхцав. Тэрээр “Кемп Бонифас”-т нисдэг тэргээр очжээ. Тэнд байдаг Америкийн цэргийн командлалынхантай уулзсан байна. Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Майк Пенс “Миний хувьд энэ газарт хүрэлцэн ирсэн маань том хүндэтгэл. Энэ газарт миний аав Америкийн цэргийн бүрэлдэхүүнд байлдаж явсан. Аав маань та нарын эрх чөлөөний төлөө тулалдсан” гэв. Түүнчлэн тэрээр “Хойд Солонгосыг тэвчих тэвчээр барагдсан” хэмээн хэлжээ. Хойд Солонгосын зүгээс өдөөн хатгалгыг байнга хийж байгааг Пенс буруушаагаад Өмнөд Солонгосыг хамгаалахад бэлэн хэмээв. Хойд Солонгос хэд хоногийн өмнө пуужин туршсан ч амжилтгүй болсон билээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Азийн орнуудаар хийх 10 хоногийн айчлалынхаа хүрээнд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг шүүмжилдэг Японд ч мөн айлчилна. Пхеньян цөмийн хөтөлбөрийн хүрээнд доод тал нь зургаан удаа туршилт хийгээд байна.
Майк Пенс өчигдөр Хойд Солонгосын асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд Хванг Ко Антай уулзав.
Сар гаруйн өмнө БНСУ-д айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мөн АНУ-ын тэвчээр барагдсан хэмээн хэлж байсан юм.