Ч.ЗОТОЛ
Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай хуулийн төслийг УИХ намрын чуулганаараа хүч түрэн баталж байв. Тэгвэл хаврын чуулганы эхэнд зөвлөлдөх санал асуулга явуулах зөвлөлийг нүд ирмэх зуур байгуулж, санал асуулгын эхний шатаа орон даяар эхлүүлээд авлаа. Тэр нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зургаан сэдэвтэй. Статистикийн газар Монгол Улсын иргэдийн бүртгэлээс санамсаргүй түүврийн аргаар 1570 иргэнийг сонгож хэлэлцүүлэгт оруулна. Сонгогдсон хүмүүс хаанахын хэн байх нь нууц гэж байгаа. Ажлын хэсэг энэ талаар эхний өдөр мэдээлэхдээ 1570 иргэнийг хамруулна гэсэн. Тэгвэл дараагийн өдөр нь 1570 өрх байна гэв. Тухайн өрхийн сонгуулийн насанд хүрсэн иргэнийг 27-60 хүртэл насаар нь эрэмбэлэн жагсаана. Тэгээд нэгийг нь сонгоно гэх. Түүний тулд 200 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Сонгогдсон иргэдээс Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу” гэсэн ганц л хариулт авна. Харин юуг нь яаж өөрчлөхийг УИХ дахь 65-ын бүлэг шийднэ. Магадгүй зөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн ч “Ард түмнээс асуусан, зөвлөлдсөн. Иргэд тэг гэсэн” гээд эрх баригч нам суудлаа бөхөлж, эрхээ дархлах зүйлийг өөрчлөлт нэрээр Үндсэн хуульд оруулах гэж байна уу даа. Түүний цаана ч бас асуулт гарч байна. Тэр нь зөвлөлдөх санал асуулгаар халхавчилсан Ерөнхийлөгчийн сонгууль эхэлчихэв үү гэсэн хардлага дагуулж буй юм. Ажлын хэсгийнхэн, Зөвлөлдөх зөвлөл гээчийн үг яриа, үйлдлүүд хүртэл эхнээсээ ийм сэтгэгдэл төрүүлж байгаа нь нууц биш. Эхний жишээ 1570 иргэн байснаа, өрх болж хувирсан явдал. Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөлийн бүтцийг аваад үзье. Зөвлөлдөх зөвлөл нь найман гишүүний бүрэлдэхүүнтэй.Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Улсын Бага хурлын гишүүн, АИХ-ын депутат “иргэн” Д.Ламжав, МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш, ҮХЦ-ийн гишүүн асан Ц.Сарантуяа, Олон нийтийн сүлжээний зөвлөх Д.Сүхжаргалмаа, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, АИХ-ын депутат, Үндсэн хууль батлалцсан Д.Чойжамц, Шинжлэх Ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Чулуунбаатар нарыг нэг баг болгожээ. Үүнээс Үндсэн хууль ярьдаг “иргэн” Д.Ламжавыг ийнхүү “чоно” болгож, нийгмийн эрх ашгийн төлөө зоригтой дуугардаг, Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Д.Сүхжаргалмаа, саяхандаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар сөрөг байр суурь илэрхийлж явсан МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нарыг “хонь” болгожээ гэж л харагдаж байна.
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд багтжээ. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХын гишүүн Г.Занданшатар, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгүүд ажиллах юм байна. Аймаг, сумын ЗДТГ-ууд ч туслалцаа үзүүлэх ажилд дайчлагдана. Ажлын хэсэгт АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг зүгээр ч нэг уриагүй нь мэдээж. Шударга гишүүдийн нэг Ж.Батзанданг ч гэсэн дундаа залж суулгачихаад юм хэлэхээр нь “Ажлын хэсэг байж” гэж аргацаах тактик нь тэр биз.
Зөвлөлдөх санал асуулгын хугацаа Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж таараад байгаа учраас яах аргагүй сонгуулийн санал авах хэлбэр гэсэн хардлага байна. Ажлын хэсгийнхнээс зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлгийн товыг асуухаар Д.Лүндээжанцан гишүүнээс эхлээд “өчигдөр ярьчихсан” гэхчлэн ундууцаж байгаа нь үүнтэй холбоотой ч юм бил үү хэн мэдлээ. Ямартай ч зөвлөлдөх санал асуулгад сонгогдсон хүмүүсийг ирэх сарын 6-нд Төрийн ордонд цуглуулан хэлэлцүүлэг явуулна. Эрх баригчид нэгэнт өөрсдийн санааг гүйцэлдүүлэхээр улайрч байгаа хойно статистикаас үл хамаарч ярсхийтэл гар өргөх өөрийн хүмүүсээ л сонгосон байж таарна. Эцэст нь иргэдээ Үндсэн хуулиар хүлж авснаар зохиосон үлгэрээ жаргаах ийм л довтолгоог МАН-ынхан орон даяар эхлүүлээд байна.
