С.УЯНГА
Монгол Улс хуулийн дагуу оффшортой тэмцэхээр боллоо.Намрын чуулганаас эхлээд улс төр, нийгмийн хүрээний “халуун” сэдэв болж ирсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн юм. Энэ хүртэл оффшорын эсрэг хуулийг эрчимжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын жагсаал цуглаан ч онцгой үүрэг гүйцэтгэсэн. Оффшортой тэмцэх жагсаалд 20-30 мянган хүн нэгдэж байсан нь саяхан. Гэтэл орон даяар өрнөсөн оффшорын тэмцэл чуулганы танхимд арай өөрөөр үргэлжилсэн юм. Оффшортой тэмцэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр цөөнгүй гишүүн санал хэлсний ихэнх нь оффшорын хуулийг эдийн засагт сөрөг нөлөөтэй, цоорхой ихтэй “түүхий” хэмээж буцаахыг уриалсан юм.
Гэсэн ч хуулийн төслийг 74.1 хувийн саналаар баталлаа. Энэхүү хууль нь ХОМ мэдүүлдэг төрийн 37942 албан хаагч болон тэдний гэр бүл үр хүүхэд хамаатан садан төрөл төрөгсөд нэгдмэл зорилго бүхий этгээдүүд бүгдэд /урьдчилан тооцоолж буйгаар 400 гаруй мянган хүн/ хамаарах юм. Мөн энэ үеэр оффшор бүс хэмээн зарлах 42 улстай хамтын ажиллагааны асуудал үүсэхгүй юу гэсэн гишүүдийн асуултад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Эдгээр улс оронтой харилцаагаа бүр мөсөн таслаагүй. Зөвхөн төрийн албан хаагчдынхаа хариуцлагын асуудлыг ярьж байгаа учраас дипломат харилцаанд асуудал үүсэхгүй. Мөн олон улсын байгууллагуудын зөвлөмжийг үндэслэж байгаа учраас эрсдэл гарахгүй” гэсэн хариултыг өглөө.
Хуулийг хойшлуулах санал гаргасан зарим гишүүний байр суурийг хүргэе.
Л.Элдэв-Очир:
-Хамаарал бүхий этгээд гэж хэнийг оруулах, оффшорыг шалгах асуудлын хөрөнгө санхүү гэх зэргээр оффшорын хууль маргаан дагуулна. Оффшорын асуудлаас болж олон хүн хэлмэгдэж байгаа. Хууль батлагдсаны дараа гүтгүүлсэн, доромжлуулсан хүний нэр төрийг хэрхэн сэргээх вэ.
Ж.Ганбаатар:
- Улс орны эдийн засгийг бодож байгаа бол ийм хууль хэрэггүй. 42 улсыг оффшор бүс гэж зарласнаар буруу ойлголт өгч эдийн засгийн болоод, улс төрийн харилцаанд сэв суух вий. Дээр нь матаас их нэмэгдэнэ гэдэгтэй санал нэг байна. Тиймээс хуулийн төслийг буцаасан нь зөв. Улсын эдийн засагт ямар ч ашиггүй. Малайз, Швейцарь гэх мэт маш олон улсад оффшор бүс бий. Тиймээс хуулийн төслөө эргэж харах хэрэгтэй.
Ц.Даваасүрэн:
-Хуулийг ойлгохдоо эргийн бүсэд хадгалсан мөнгө нь хууль бусаар олсон эсэхийг шалгах хууль гэж ойлгоод байгаа. Түүнээс хуулийн дагуу олсон мөнгөөр гадаадад хөрөнгө оруулж болохгүй гэж хориг тавьж болохгүй. Тэр хүнийг төрийн албан хаагч болсны төлөө шийтгэж байгаа юм уу. Өөрсдийгөө аргалах төдий хууль гаргаад, сонгуулийн дараа заваан юм болж хувирах вий дээ. Ийм хууль дэлхийд байдаггүй юм байна лээ.
Ж.Энхбаяр:
-Хуулийг явцуу болгоод, Монгол Улсынхаа гурван сая хүнд нялзаагаад байна. Энэ нь өөрөө буруу жишиг тогтоодог юм. Хойшлуулаад дахиад сайн ярилцахгүй бол УИХ өөрөө эвгүй байдалд орох вий.
Х.Болорчулуун:
-Намрын чуулган завсарлах хугацаанд АНУ-ын сенат орж ирсэн хуулийн 80 хувийг буцаадаг гэж байна лээ. Энэ хууль гарснаар эх оронд мөнгө орж ирэх нөхцөл байдал үүсэхгүй. Сайн судалж, боловсруулж оруулж ирэхгүй бол дутуу дулимаг хууль гарах гээд байна. Хуульд цоорхой маш их байна.
Б.Энх-Амгалан:
-Оффшор гэж нотлогдсон зүйл юу ч алга. Банкнаас мөнгөө татаад үл хөдлөх хөрөнгөө худалдах юмуу. Хуулийг эвтэйхэн гаргах хэрэгтэй. Хууль батлагдсанаар шууд мөнгөнүүд нь буцаад ороод ирэх юм шиг зүйл яриад байна.
Оффшортой тэмцэх хуулийг баталсны дараа 2017 оны төсвийн тодотголыг дэмжиж дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төсвийн тодотголыг өнөөдөртөө /өчигдөр/ багтаж батална гэдгийг зарим гишүүн хэлэв.
