Одоогоос яг таван жилийн өмнөх энэ өдөр 500-гаад цагдаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан. Тэр өдрөөс хойш Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх үйл явц дараалан өрнөж, энэ нь өнөөдрийг хүртэл дуусаагүй л байна.
Энэ талаар өгүүлсэн “Дүр эсгэсэн ардчилал”-ын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос Намбарын Энхбаяр хэмээх нэртэй ном бичсэнээ Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж саяхан хэвлүүлжээ. Уг номд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх болсон улс төрийн шалтгаан, нөхцөл хийгээд хэлмэгдүүлэлтийн үйл явцыг баримт, дүгнэлт сэлттэй өгүүлжээ.
“...Hамбарын Энхбаяр бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр дээд албан тушаал хашиж ирсэн хүний хувьд ажлаа хүлээлгэн өгсөн өдрөөс авахуулаад бүтэн дөрвөн жилийн турш буюу нэгэн бүрэн эрхийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтанд байх хуулийн заалттай байв. Тэр хугацаа нь 2013 оны зургадугаар сарын 18-ны өдөр дуусгавар болох ёстой байлаа. Гэтэл тийнхүү төрийн тусгай хамгаалалтанд байсан хүнийг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ямаршуухан сүр дуулиантай баривчилсныг монголчууд бид бүгдээрээ харсан. Энэ балмад хэрнээ маш болхи, хэнийг ч ямар ч эрсдэлд оруулж болохуйц ажиллагаагаа АТГ-ын албан тушаалтнууд “Энэ ажиллагаа нь баривчилгаа биш. Бид шүүгчийн цагдан хорих таслан сэргийлэх захирамжийг хэрэгжүүлсэн юм. Захирамжийгхэрэгжүүлэх явцад тодорхой саад учирсан болохоор албадан ирүүлэх ажиллагааг хуульд заасан тогтоолын дагуу цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлсэн. Сэжигтнийг баривчлах тухай ойлголт хуульд бий. Гэхдээ энэ бол баривчилгаа биш” гэж тайлбарласан байдаг боловч, Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга н.Батзориг “2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 16.30 цагийн үед АТГ-ын дэд дарга Б.Хурц над руу ярьж, уулзах шаардлагатай байна, ажил байна, хүрээд ир гэж утсаар ярьсан. 17.00 цагийн үед намайг очих үед Б.Хурц даргын өрөөнд Мөрдөн шалгах хэсгийн дарга Д.Цоодолсэнгээ комиссар байсан. Ингээд бид гурав уулзсан. 10-ны өдөр АТГ-аас манай байгууллагад, миний нэр дээр албан тоот ирсон. Үүнд, “...Тус газарт шалгагдаж байгаа До.Чулуунбаатар нарт холбогдох хэрэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шинжилгээ хийлгэх, шинжээчийн тогтоол гаргуулахаар дуудсан боловч ирээгүй байна. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар Н.Энхбаяр нь Төрийн хамгаалалтад байх тул түүнийг тус газарт ирүүлэх арга хэмжээ авна уу” гэсэн байсан. “...Хамгаалуулагчийг тэнд аваачих үүрэг бидэнд байхгүй. Тэгэхээр та бүхний хүсэлтийг биелүүлэх боломжгүй” гэж мэдэгдсэн. Тэгэхэд надад “За тэр яахав. Өнөөдөр орой баривчлах ажиллагаа явагдана. Та бүхэн саад болохгүй байх хэрэгтэй байна” гэсэн. “...Ямар үндэслэл, эрх зүйн актаар энэ ажиллагаа явагдах юм” гэж би асуусан. Тэгэхэд “...Шүүгчийн захирамж зурагдахаар явсан байгаа” гэж хариу өгсөн. Үнэндээ надад ямар нэгэн эрх зүйн акт, бичиг үзүүлж танилцуулаагүй” гэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан байдаг юм” гэж Өдрийн сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны ¹ 107-д бичсэнийг баримт болгон оруулжээ.
Мөн “Зууны мэдээ” сонины 2016 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ¹ 71-т “...Н.Энхбаярыг баривчилсан тухай, “Энэхүү баривчилгаа нийгмийг цочроон, сэтгэл эмзэглүүлсэн явдал болсон бөгөөд тэр үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрт байсан ТВ9 телевизийн сэтгүүлч болсон үйл явдлын бичлэгийг бусдад өгч амжсанаар, тэр хүн нь бичлэгийг биедээ нуун авч үлдээд ТВ9 телевизийнхэнд хүлээлгэн өгсөн байдаг. Ингэж энэ хууль бус баривчилгааны талаар Монголын ард түмэн үнэн бодит мэдээлэлтэй үлдсэн юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж нэлээд эртнээс МАН, АН-ынхан тохироод байжээ. Тэр ч бүү хэл, хэд хоногийн өмнөөс хэдийд баривчлах нь хүртэл тодорхой болж, энэ тухай мэдээлэл нам, хууль хүчний байгууллагын удирдах албан тушаалтнуудын дунд яригдаж, тухайлбал, Үндсэн Хуулийн Цэцийн дарга Н.Жанцан, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзахдаа “Баривчилгаа болно” гэж хэлснийг эх сурвалж хэлж байна.
Мэдээж хэрэг, баривчлах шалтгаан тодорхой. Н.Энхбаярыг 2012 оны сонгуульд оролцуулж болохгүй. Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцвол МАХН-ыг УИХ-д суудалтай нам болгож чадна, улмаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч дахиад сонгогдоно. Тиймээс хүчээр ял тулгаж, шоронд явуулах хэрэгтэй. Энэ хооронд Оюутолгой, Тавантолгойг өөрсдийн санаж, бодсоныхоо дагуу шийдвэрлэнэ гэж тохирсон гэдэг. Түүнчлэн баривчилгаа болохоос нэлээд хэд хоногийн өмнө МАХН ба бусад иргэний хөдөлгөөнүүд «Монголын ард түмний Их Хурилдай”-г зохион байгуулж, энэ Хурилдайгаас МАНАН-гийн Ц.Элбэгдорж, С.Баяр, СҮ.Батболд, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт, Т.Бадамжунай, Г.Занданшатар нарын 15 олигархийг тодруулсан байдаг. Тэд үүнд ихээхэн хорссоноо энд тэнд, байн байн ярьдаг байжээ” гэж хэвлэлд бичсэн нь бий” гэж бичсэн нь энэ номд багтсан байна.
Түүнчлэн зохиогчийн дүгнэн бичихдээ“...Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд байсан ч төрийн тусгай хамгаалалтанд дөрвөн жилийн хугацаатай байх хуулийн үндэслэл журам үйлчилсэн хэвээр, төрийн тусгай хамгаалтанд байх хугацаа дуусаагүй байхад Н.Энхбаярыг баривчлахдаа цагдаагийн 387 ажилтан, үүний дотор тусгай хэлтсийн 37 хүнийг оролцуулсан нь үнэндээ яаж ч бодсон энэ баривчилгаанд эрх баригчид ихээхэн ач холбогдол өгснийг харуулах бөгөөд үнэндээ хэт сүржигнэсэн, хэтэрхий дур мэдсэн, цаанаа бас нийгмийг айлган цочроох гэсэн чиглэсэн зорилготой адал балмад ажиллагаа болсон юм. Тэр ч хэрээр монголчуудад аймшиг түгшүүр төрүүлсэн билээ.
Н.Энхбаярын хувийн байдал нь түүнд ийм арга хэмжээ авах ямар ч шаардлага байгаагүй гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга , Ерөнхий сайдын албыг хашиж явсан, УИХ- ын гишүүнээр сонгогдож, төрийн сайдаар ажиллаж байсан хэн бүхний таньдаг тийм бие хүн юм. Энэ бүхэн дээр нэмээд үзвэл, Монгол Улсын одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар бол төрийн тусгай хамгаалалтанд-халдашгүй дархан эрхтэй байсан хүн юм.
Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг яагаад нэгэн бүрэн эрхийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байлгадаг вэ гэвэл, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүн эрхэлж байсан албан тушаалын хувьд, улсын чухал нууц асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргаж байсны хувьд эдгээр хүмүүсийг төрийн тусгай хамгаалалтад байлгадаг учиртай. Гэтэл манайд бол энэ талаас нь хандахгүй байгаа нь удаа дараа ажиглагддаг. Монголдоо төрийн тусгай хамгаалалтад байгаа мөртлөө гадаадад явахдаа төрийн тусгай хамгаалалтын хүнгүй явчих тохиолдол зарим хүмүүсийн хувьд ч гарч байв.
Н.Энхбаярыг баривчлах баривчилгаа оройноос авахуулаад маргааш өдрийнх нь өглөө хүртэл үргэлжлэхдээ хэт сүр үзүүлсэн байдалтай байсныг хэлэх ёстой. Үнэндээ гадаадад онц ноцтой гэмт хэрэгтэн, алан хядагч, мафийн толгойлогч, хар тамхины наймаачдыг ихээхэн хүч тавьж, тусгай ажиллагаа явуулж баривчилж байгаа нь харагддаг. Гэтэл өдөржин Төрийн ордонд ажиллаж, хүмүүстэй уулзаж, орой нь гэртээ журмын нөхөдтэйгөө хамт сууж, улс орны байдлын тухай хал балгүй яриа дэлгэн байхад хаалга үүдийг нь эвдэн, орон байранд нь бөөнөөрөө дайран орж, зэрлэг балмадаар хашгичин, түлхэхийг нь түлхэж, зодохыг нь зодож, зөвхөн Энхбаяр төдий биш цуг байсан энгийн нөхөд, халдашгүй эрхтэй УИХ-ын гишүүдэд хүртэл халдаж, заримд нь гэмтэл учруулж, сэтгэл санааг нь цочроож, эд хогшлыг нь хэмхчиж харгис догшин авирлах огтын шаардлага байгаагүй нь хэн бүхэнд ойлгомжтой байв. Ингэж сүрийг үзүүлж, бярыг таниулж, нийгмийг цочроож баривчилгаа явуулсан нь олон гэмт хэрэг үйлдсэн, онц ноцтой гэмт хэрэгтэн Н.Энхбаярыг баривчиллаа гэж нийтэд зарлах санаанаас гадна хамгийн аюултай, хамгийн ноцтой нь нийт хүмүүсийг дээр доргүй, тэр чигээр нь айдаст автуулах. тэр хэрээр нийгмийг саажуулж, ямар ч эсэргүүцэлгүй болгох гэсэн хэлмэгдүүлэгчдийн барьдаг алтан дүрмийг ягштал хэрэгжүүлсэн хэрэг юм. Тэр өдрийн баривчилгаа хэчнээн харгис, 1937 оны аймшгийг санагдуулснаараа хэлмэгдүүлэгчид цааш цаашдаа хязгааргүй дураараа авирлах, юү санаснаа ямар ч айдасгүйгээр хийх, амташсан хэрээ арван гурав гэгчээр улстөрийн өрсөлдөгчөө удаа дараалан намнах, бусдын бизнес, лиценз, нийгэмд олж авсан байр суурь, юу байгааг нь булаах бусармаг, нийгмийг үндсээр нь эвдэх аюул руу шууд түлхсэн гэж хэлж болно. Бэлтгэл хурандаа Д.Дашдэлэг: “Дүү нар аа, би пальтогоо авья гэсэн чинь, хуцаад байгаарай, хулгайчаа гээд түлхчихсэн. Би чинь зүгээр л ойр хавьд нь байсан хүн шүү дээ. Тэгээд бие муутай байсан болохоор, эд нар чинь алж ч мэдэх юм байна гээд гудамжинд пиджактайгаа арга буюу гарсан. Цагдаагийн тусгайхан орж ирээд яаж хашгирч байсныг харсан хүний нэг бол би. “Хэвтээд, хулгайчууд аа, ална шүү” гээд л хашгираад дайраад байсан. Хаалгыг эвдэхгүй орж ирэх бүрэн бололцоо байсан шүү дээ. Гэтэл хаалгыг эвдээд орж ирж байгаа нь хүч хэрэглэж байгааг л харуулж байгаа юм. Тэгээд ч тэр дотор ямар аюултай гэмт хэрэгтнүүд байсан биш. Нэг улс төрийн намын хэдэн хүн, удирдлага л байсан шүү дээ” гэжээ. Н.Энхбаярыг баривчлах үед гэрт нь хамт байсан, цагдаагийн алба хаагч нарт “салаавч” үзүүлсэн хэргээр эрүү үүсгэгдэн шийтгэгдсэн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Шинэбаярт холбогдох хэрэгт гэрчээр асуугдсан хүмүүс ч Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагаа хүч хэтрүүлсэн, ихээхэн сүртэй болсныг гэрчлэн ярьсан байдаг” гэсэн байна.
