Х.ХАТАН
Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхөж буй энэ өдрүүдэд улстөрчдийн рейтинг анхаарал татсан сэдэв болоод байна. “Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлыг тусгаснаас гадна рейтинг өндөртэй улстөрчдийг нэрлэсэн шинэ судалгааг өнгөрсөн сарын 10-30-ны хооронд явуулжээ. ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас санхүүжүүлсэн судалгаанд Улаанбаатар хот болон Завхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймгуудын 1200 иргэнийг хамруулсан байна.
“Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгөөр оролцоосой гэж хүсдэг вэ” гэсэн асуултыг гурав хүртэлх сонголттойгоор иргэдийн дунд тавихад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 16 хувиар тэргүүлсэн байна. Түүний араас Б.Бат-Эрдэнэ 15.6 хувь, Ц.Нямдорж 14.1 хувиар удаалж, С.Жавхлан 12.5 хувиар дөрөвт, айргийн тавд АН-ын лидерүүдийн нэг Р.Амаржаргал 10.5 хувиар оржээ. Харин С.Ганбаатар, Х.Баттулга, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар эхний 10-т багтсан байна.
Харин улстөрчдийн рейтингийг Улаанбаатар хотод С.Жавхлан 14.9 хувиар тэргүүлсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр 14.4 хувиар удаалжээ. Тэдний араас Р.Амаржаргал 13.1 хувь, Ц.Нямдорж 11.3 хувь, С.Ганбаатар 10.0 хувь, Х.Баттулга 9.5 хувь, Б.Жаргалсайхан 9.1 хувь, Б.Бат-Эрдэнэ 7.8 хувь, Э.Бат Үүл 6.2 хувь, Н.Алтанхуяг 4.9 хувьтай оржээ.
Хоёрхон сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр өрсөлдөж буй хүмүүсээс нэг нь ч алга. Тэр байтугай саяхан сонгогдсон АН-ын дарга С.Эрдэнэ улстөрчийн рейтингээрээ эхний 10-т ороогүй байгаа нь түүнийг олны дунд ямар нэр хүндтэй байгааг харуулна.
“Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь энэ оны сонгуулиар Ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг вэ” гэсэн асуулгад Улаанбаатар хотод Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүлж Р.Амаржаргал удаалсан бол хөдөө орон нутагт Б.Бат-Эрдэнэ тэргүүлж Н.Энхбаяр удаалжээ.
Гэтэл “Онцолдог нам” гэсэн асуултад 58.4 хувь нь хариулаагүй байх юм. Энэ нь улс төрийн намуудад итгэдэг олон нийтийн итгэл үгүй болсныг харуулж байна. Учир нь төр засгийн эрхэнд гарсан нам улс төрийн хүчний явуулж буй бодлого ард түмний амьдралыг сайжруулах, зөв зохистой бодлого явуулахгүй байгаатай холбоотой гэдгийг судалгааны олон санал асуулга харуулж байна.
Судалгаанд багтаасан “Хэрвээ маргааш сонгууль болвол та саналаа өгөх үү” гэсэн асуултын хариу маш өндөр хувьтай гарсан нь гэрэл гэгээтэй мэдээллийн нэг гэж хэлж болно. Судалгаанд оролцсон хөдөө орон нутгийн иргэдийн 90.6 хувь, нийслэлчүүдийн 84.2 хувь нь сонгуульд оролцоно хэмээн мэдүүлжээ.
Сүүлийн үед хүмүүсийн анхаарлын төвд байгаа стратегийн ордуудын талаарх асуулгад судалгаанд оролцогчдын 58.2 хувь нь 51 хувиас дээш монгол хөрөнгө оруулагчдын эзэмшилд байх ёстой гэж үзжээ. Мөн Монголын талын эзэмшил төрийн болон хувийн холимог байх нь зүйтэй гэж 53.3 хувь нь үзжээ.
Энэ судалгааг харж байхад хамгийн харамсалтай нь “Хэрэв засгаас таны хүлээж байгааг биелүүлэхгүй бол та яах вэ” гэсэн асуултад “Юу ч хийхгүй, байдал сайжрахыг хүлээнэ” гэсэн хариулт олонх буюу 27.3 хувийг авсан байв. Монголчууд бид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө үгээ хэлж үзэл бодлоо хүргэж, дорвитой хөдөлж, тэмцэж чаддаггүй учраас буруу зүйл өөрчлөгдөж сайжрахгүй байгааг эндээс харж болохоор байна. Өнөөдрийн амьжиргааны байдал, эдийн засгийн байдлыг ч ерөнхийд нь сайн ч биш, муу ч биш л гэж олонх нь дүгнэжээ.
Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь та энэ оны сонгуулиар ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг вэ?

