С.УЯНГА
Энэ удаагийн парламент хаврын анхны чуулганаа нээсэн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ сүүлчийн чуулганы индэр дээр үг хэлсэн юм. Ийнхүү Ерөнхийлөгчийн сүүлчийн захиас, сургамжийг тээсэн хаврын ээлжит чуулган урьд урьдынхтай харьцуулахад хэтэрхий нам гүм мэт. Уг нь чуулганы нээлт, хаалтын үеэр нийгэмд үйлчлэх байгууллагууд ёс юм шиг шаардах бичиг, уриа лоозон барьж жагсдаг. Бүр саарал ордонг тойрч гороолох, машин мотоцикльтойгоо парад жагсах зэргээр хуулийнхныг тэрүүхэндээ сандаргадаг байж. Гэтэл энэ удаагийн чуулганы үеэр иймэрхүү сюрприз ер харагдсангүй.
Хаврын хавсарганд хагас нүцгэлдэг бүсгүйчүүд байтугай оффшорын эсрэг цогтой тэмцэгчид нь ч үзэгдсэнгүй. Харин олон нийтийн анхаарал татсан нэг зүйл нь төрийн түшээ түмэн олноо уул хадандаа даатгаж буй С.Жавхлан гишүүний содон үйлдэл байж мэднэ.
Жилийн жилд хавар, намрын чуулган эхлэхэд УИХ-ын гишүүд ирцээ 100 хувь бүрдүүлдэг уламжлалтай байсан бол энэ удаагийн чуулганы нээлтийг “тоогоогүй” цөөнгүй гишүүн байсан нь олны эгдүүцлийг хүргэлээ. Тодруулбал, хаврын чуулганы нээлтэд гишүүдийн 71.1 хувь буюу 54 гишүүн хүрэлцэн ирсэн юм. Харин 22 гишүүн гадаад томилолт, эмнэлгийн чөлөө авчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Даваасүрэн, Д.Мурат, Б.Наранхүү, Н.Оюундарь, А.Сүхбат, Н.Энхболд, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын гишүүд гадаадад томилолттой гэсэн шалтгаанаар ажилдаа ирсэнгүй. Харин С.Жавхлан Бурхан Халдун уулнаа гарч залбирал үйлдэхээ мэдэгдсэн бол С.Батболд эмнэлгийн чөлөөтэй, Ш.Раднаасэд шалтгаангүйгээр хурлаа тасалжээ.
Төрийн ордны гадна, төв талбай нам гүм, элдэв хэл ам, сюрпризгүй байсан бол чуулганы танхимд төрийн өндөрлөгүүдийн хэлсэн үг гишүүдэд гэнэтийн бэлэг барилаа. Гишүүд, сайд нар, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүдийн өмнө Ерөнхийлөгч хурц шүүмжлэл хэлж, УИХ-ын дарга урьдаас бэлтгэсэн мэт няцаасан гэхэд болно.
Чуулганы нээж хэлсэн УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын эсэргэцсэн ишлэлүүдээс хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ:
-Төрийн зардлыг хасахгүйгээр Монголын ачаа хөнгөрөхгүй. Төрийн ачаалал их байгаагийн маргашгүй нотолгоо бол төсвийн алдагдал. Төрөө засах гэвэл бид төсвөө алдагдалгүй болгох ёстой. Төсвийн тогтвортой байдлын хуулиа хатуу мөрдөх ёстой.
-Манай улсын өнөөгийн хямралт байдлын гол шалтгаан бол эдийн засаг биш. Монголын хямралын жинхэнэ эзэн бол улс төр юм. Монгол Улс мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ хямарсан. Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно. Монголыг улам хямраана. Монгол Улсад мөнгөгүй хийж болох ажил бол хариуцлага байгаа юм. Манай сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцохын тулд бусдаас валютын зээл авах хэрэггүй. Үнэхээр хариуцлагатай улс болъё гэвэл хариуцлагын хуулиа батлах хэрэгтэй. УИХ-д Монгол Ардын Намаас сонгогдсон 65 гишүүний авсан хамгийн чухал зээл бол Монголын ард түмний итгэл.
-Оффшорыг “овт шаар” гэж монголчлох боллоо. Би овт шаар гэж энэ үзэгдлийг нэрлэх талд нь байгаа. Энэ тухай яриа эхлэх үед л би Монгол Улс энэ асуудалд онцгой анхаарч хандах ёстой. Хууль журмаа ч өөрчилье. Хууль хяналтын байгууллагууд шалгая. Шаардлагатай олон улсын байгууллагатай хамтарч ажиллая. Энд ахиц дэвшил гарах ёстой.
-Түмний итгэлийг даах, ёс зүйтэй байх, шударга байх гээд. Би хувьдаа өнөөгийн эрх баригчид өмнөхийнхөө алдааг засах биш давтах хандлагатай байгаад санаа зовж яваа. Халаа сэлгээ, албан тушаалын хувиарлалт, өнгө мөнгөний хорхойсол, улс төрд тулгамдаж буй олон асуудалд хандах хандлагад агуулгын өөрчлөлт харагдахгүй байна.
-Монголын хөгжил дэвшилд хэрэгтэй далай шиг олон санаа, сайн эхлэлийг ажил хэрэг болгох, манлайлах учиртай манай гүйцэтгэх эрх мэдэл бяд муутай байна. Бяд муутай засагтай Монголчууд бид хол явахгүй. Хол явах биш, одоо бол бүр урагшлахаа ч болилоо.
УИХ-ын дарга М.ЭНХБОЛД:
-2017 оны улсын төсвийг батлахдаа санхүүгийн сахилга батыг сайжруулахад анхаарч, хяналтгүй таван төсөвтэй байсныг нэгтгэн нэг болгож, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасч, орлогоо нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан. Татварын орлого 10.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ. 2017 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан төсөв 154.4 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам. долларын ханш тогтворжиж байна.
-Нэгэнт бий болсон улсын өрийн дарамт, санхүүгийн тогтолцооны асуудлыг шийдвэрлэж, цаашдын тогтвортой өсөлтийн зам руу буцахад хангалтгүй юм.Сүүлийн жилүүдэд замбараагүй зээлж, бодлогогүй зарцуулсны уршиг, өрийн дарамт байсаар байна. ОУВС-гийн“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” санхүүгийн салбарын засаглал, хяналт шалгалтыг сайжруулах шинэчлэлийг хийхэд бидэнд тусална. Мөн урьд нь гарсан алдаа дутагдал юунд байсныг ч тодруулж өгнө.
-“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай” хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой. Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.
-Хугацаа нь болоод байсан Хөгжлийн банкны 580 сая ам. долларын бондын төлбөрийг хөрвүүлж, “Хуралдай” бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ үеэр олон улсын санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам. долларын бонд худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь хэдхэн сарын өмнө зээл авч чадахгүйдээ тулаад байсан Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэсний нотолгоо боллоо.
-УИХ-ын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх Засгийн газар тууштай ажиллаж, зохих арга хэмжээ авснаар санхүү-эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд гарч байна. Дэлхийн олон улс орны парламентын тэргүүн, төлөөлөгчид хүндрэлийг даван туулах чиглэлээр Монголын төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайшааж, улс төрийн тогтвортой байдал бий болсонд талархан, тусалж дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байна.
