С.УЯНГА
Ховд аймгаас эхэлсэн Ерөнхий сайдын томилолт баруун аймгуудад үргэлжилж байна. Тэрээр өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад ажиллалаа.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 285 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзах үеэрээ тус аймагт энэ онд томоохон бүтээн байгуулалт хийхээр шийдвэрлэснийг хэллээ. Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 253 км хатуу хучилттай автозам, Тайшир сумаас Алтай сум хүртэл ус дамжуулах 50 гаруй км ган хоолой татах зэрэг барилгын ажлыг энэ онд гүйцэтгэж ашиглалтад оруулна. Эдгээр бүтээн байгуулалтад 285 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ хөрөнгийг Австралийн Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус тус гүйцэтгэнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж хэллээ. Алтай хотын цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, “Алт -2” хөтөлбөрт бичил уурхайчдыг хамруулах, ундны цэвэр усны эх үүсвэрийг шийдвэрлэж өгөх, аймгийн төвийн оршин суугчдын дулаан хангамжийн болон хэрэглээний усны төлбөрийг бууруулах саналыг иргэд Ерөнхий сайдад дайжээ.
ХУУРАЙ СҮҮНИЙ 60 ҮЙЛДВЭРИЙГ ИРЭХ САРД ОРУУЛЖ ИРНЭ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын орон нутаг дахь томилолт Баянхонгор аймагт үргэлжиллээ. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур нь хөдөө аж ахуйн салбар учраас Засгийн газар анхаарал хандуулж, дэмжиж ажиллаж байгаа гэдгээ Ерөнхий сайд хонгор нутгийн иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн байна. Тэрээр “Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбараа эдийн засгийн эргэлтэд оруулахад малаа эрүүлжүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна. Энэ хүрээнд ОХУ-тай хамтран ажиллахаар болсон. Мөн нийт 10 сая ам.долларын үнэ бүхий трактор, техник тоног төхөөрөмжийг тариаланчдадаа бага хүүтэй зээлээр олгохоор гэрээ хийсэн. Хуурай сүү боловсруулах үйлдвэрийг олноор байгуулж дотоодынхоо хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах зорилт тавиад байгаа. Ирэх сард хуурай сүү боловсруулах бичил 60 үйлдвэрийг Япон улсын дэмжлэгтэйгээр оруулж ирнэ. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Эдгээр ажлыг Засгийн газраас хэрэгжүүлэх “Мах, сүүний аян”-ы хүрээнд хийхээр төлөвлөсөн” гэдгийг Ерөнхий сайд хэлжээ. Баянхонгор аймаг 30 гаруй мянган хүүхэдтэй. Гэтэл хүүхдийн хөгжил, хамгааллаар мэргэшсэн ажилтан хүрэлцээгүй байна. Нийгмийн халамж, дэмжлэг шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй болон харж хандах хүнгүй иргэд төрийн халамжийн үйлчилгээнээс орхигдож байна. Нийт хүн амын эрүүл мэнд доройтлоо, 30 ба түүнээс дээш насны иргэд ямар нэг суурь өвчлөлтөй байх нь элбэг байна.Залуу малчдыг бэлтгэх, малаа эрүүлжүүлэх, бэлчээрийг усжуулах зэрэг нь тус аймгийн малчдад тулгамдсан асуудал боллоо гэдгийг иргэд хэлсэн байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үргэлжлүүлэн Өвөрхангай аймагт ажилласан юм.
