Ч.ЗОТОЛ
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар цаг үеийн асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллээрээ дамжуулан тэд АН-ын байр суурийг тодотгож байгаагаа онцлов. О.Магнай “Ерөнхий сайд асан Сү.Батболдын Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сард олон улсын зах зээлээс 580 сая ам.долларын евро бонд босгосон байдаг. Евро бондын хүү 5.75, хугацаа таван жил байсан. Харин энэ сарын 21-нд уг бондын эргэн төлөлтийг 8.75 хувийн хүүтэй бондоор барагдуулж, өрийг өрөөр дарлаа. Зөвхөн хүүгийн зөрүүнд 358 сая ам.доллар төлж байна. “Чингис” бондын мөнгийг АН-ынхан үргүй зүйлд зарцуулсан гэж эрх баригч намаас мэдэгдэж байгаа ч аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбох болон барилгын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх зэргээр үр өгөөжтэй зүйлд ашигласан. АН асуудлыг шуурхай шийдэж, бүх боломжоо дайчлан ажиллаж ирсэн. Засгийн газар улс орны аливаа асуудлыг хойш тавьж байгаагүй, чадах чинээгээр урагшлуулсан. Тэгвэл одоо 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон энэ намын Засгийн газар, Ерөнхий сайд маш удаан ажиллаж байна” гэв.Мөн тэрээр Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон цаг үед АН-ын нэр хүндэд халдахгүй байхыг эрх баригч намынханд сануулж байгаагаа мэдэгдлээ.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа УИХ, Засгийн газар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмээс ухарсан алхам хийж байгааг шүүмжлэв. Тухайлбал, Хүүхэд хамгааллын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж, Эрүү болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан нь олон албан тушаалтны ял завших нөхцөл байдлыг бий болгосныг тэрээр онцоллоо.
