Ардчилсан намын эмэгтэйчүүд өчигдөр улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцооны асуудлыг хөндөв. Энэ үеэр улс төрд эмэгтэйчүүд манлайлахад хууль эрхзүйн орчин, өөрсдийн чадвар мэдлэг боловролоос гадна санхүүжилтын асуудал чухал гэдгийг тодотгосон юм. Уулзалтад тус намаас УИХ-д сонгогдож байсан эмэгтэйчүүд оролцож улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцооны асуудлаар илтгэл тавьсан юм. Ардчилсан нам шинэчлэлийнхээ хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоог хангах, тэдний улс төрийн манлайлалыг хэрхэн хөгжүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс алдагдаж, авлига, ядуурал өсөн нэмэгдэх хандлагатай болж буй үйл явдлын эсрэг эмэгтэйчүүд хэрхэн ажиллах зэрэг олон сэдвийн хүрээнд зөвшилцөв.
Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа “Улстөрд эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлд өнгөрсөн парламент хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн” гэдгийг хэлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа, гишүүн асан М.Батчимэг нарын байр суурийг сонслоо.
З.Нарантуяа: САНХҮҮЖИЛТ БОСГОЖ ЧАДАХГҮЙГЭЭС ЭМЭГТЭЙЧҮҮД УЛС ТӨРД ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
- Энэ парламентад эмэгтэй гишүүдийн тоо олон байгаа ч нөлөөлөл хэр байна вэ гэдэг дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ МАН-ын 12 эмэгтэй гишүүнтэй Хүүхэд харах үйлчилгээ зэрэг тодорхой асуудлаар хамтарч ажиллаж байна. Нийгмийн халамж хэрэгтэй байгаа хэсгийн дуу хоолойг өөрсдөө болон бид ч төдийлөн сайн гаргаж чадахгүй байна. Олон төрлийн татварыг нэмэх гэж байгаа нь иргэдийн амьдралд хүндрэл үүсгэнэ гэсэн үг. Энэ мэтчилэнгээр санал дүгнэлтээ нэгтгээд уриалга болгож гаргана. Засгийн газар удаан, санаачлагагүй ажиллаж байгаа. Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө Засгийн газар өөрийн байр суурийг нэгтгэж төсвийн тодотголоо оруулж ирэхгүй бол дахиад сунжирна. Эдийн засгийн нөхцөл байдал биднийг хүлээхгүй учраас цаг хугацаатай уралдаж ажиллах хэрэгтэй. Тиймээс энэ долоо хоногт амжаад төсвийн тодотголыг өргөн бариасай гэж хүсч байна. Эмэгтэйчүүд хуулийн дагуу нэр дэвших квотын асуудал бий. Мөн эмэгтэйчүүдэд санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг. Санхүүжилт босгох шалгуурыг давж чадахгүй учраас олон манлайлагч, чадварлаг эмэгтэйчүүд улс төрд орж чадахгүй байна. Нөгөө талаасаа эмэгтэйчүүд өөрсдөөсөө шалтгаалах, өөрийг бэлтгэх олон чадварыг эзэмших хэрэгтэй. АН-ын шинэчлэлийн хүрээнд цаашид намын нэг дэд дарга эмэгтэй хүн байна гэсэн зарчмын тохиролцоог дүрмийн хүрээнд ярьж байгаа. Эмэгтэйчүүд намын шинэчлэлд бүх чиглэлээр идэвхтэй ажиллах бодлогын индэр болох тал руу үзэл бодлоо сайжруулна. Хуучин дүрмээр 54 эмэгтэй зөвлөлдөх хорооны гишүүн байдаг байсан бол энэ удаа хадгалагдана.
М.Батчимэг: УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
- Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улс төрийн шийдвэр гаргах түвшний гарааны нөхцөл харилцан адилгүй. Ардчилсан намын хувьд шинэ дүрэмдээ намын бүх шатны байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарч, дэвшил гаргасан. Квотын тогтолцооны цаана бий болдог бодитой бэрхшээл бол санхүүгийн асуудал.. УИХ-ын сонгуульд маш их мөнгө тараадаг. Зарим тохиолдолд сонгогчид мөнгө хардаг болж байна. Энэ нь цаашдаа Монголын ардчилалд сөргөөр нөлөөлөх хандлагатай. Намын дотоод түвшиндээ, намын бүх шатны сонгуулиар хэтэрхий өндөр татвар үндэслэлгүйгээр тавих асуудал нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бууруулна. Улс төрийн намын тухай хуулийг зайлшгүй шинэчлэн батлах хэрэгтэй гэж харж байна. Ингэж байж улс төрийн намын санхүүжилтийг тодорхой, ойлгомжтой болгоно. Өнөөдрийн хуулиар санхүүжилттэй холбоотой заалт хэтэрхий ерөнхий, намууд өөрсдийнхөө дураар санхүүжилтээ зохицуулж, янз бүрийн татвар тавих боломж нь нээлттэй байгаа. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийн босго улам өндөрсөөд байгаа юм.
