-УДЭТ-ын жүжигчид багш шавийн барилдлагатай байдаг. Тэр нь цаг үеэрээ уламжлал болон явж байна. Багшийнхаа тухай ярихгүй юу ?
-Би гавьяат жүжигчин Г.Урнаа багшийн шавь. Театрт орсон цагаасаа эхлэн багшийнхаа заавар зөвлөгөөг дагасаар ирсэн. Олон уран бүтээл дээр зааж зөвлөж байна даа.
-Таны багшийг олон сайхан дүрээр нь үзэгчид мэднэ. Танд юу гэж зааж зөвлөдөг вэ?
-Багш маань шинэ дүр аваад ажиллахад үргэлж зааж зөвлөдөг. Сайн уран бүтээлчээс гадна бодит амьдрал дээр маш энгийн нэгэн. Миний давуу тал, сул тал гээд бүгдийг нь мэддэг учир ойлголцоход их амар. Хувь хүн болоод жүжигчнийхээ хувьд үлгэр жишээч гайхалтай эмэгтэй. Нэг хүний төлөө зүтгэвэл эцсийг нь үздэг, сэтгэлийн хаттай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн дээ. Мөн би ахмад үеэс Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуайг шүтэж биширч явдаг. Ер нь Монголынхоо үе үеийн жүжигчдийг хүндэлж, хайрлаж явдаг. Манай театрын ахмад үеийн төлөөлөл Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, дунд үеийн төлөөлөл Г.Эрдэнэбилэг С.Болд-эрдэнэ олон чадварлаг жүжигчид бий.
-УДЭТ-ын уран бүтээлчид Уйльям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг өнгөрсөн онд тайзнаа амилуулсан. Та түүнд чадварлаг тоглож сайн жүжигчин гэдгээ харуулсан. Энэ дүрд тоглоход хүндрэлтэй байсан уу ?
-Миний зан чанраас хол санагдаж байлаа. Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч надад тэр дүрийг хуваарилсан байсан. Өмнө нь эсрэг дүрд тоглож байгаагүй. Найруулагч, жүжгийн багийнхантайгаа олон удаагийн бэлтгэл сургуулилалт хийж эцэст нь тоглох дуртай дүрүүдийн маань нэг болсон доо. Тухайн дүрийн илэрхийлэмж өөрөө их этгээд, эсрэг зан байдлыг харуулдгаараа онцлог. Эсрэг дүр тухайн жүжигчнийг задалж ур чадварыг нь ахиулж өгдөг. Жүжигчин хүн нэг л төрлийн дүрд тоглохоос илүүтэй олон дүрд хувирч чаддаг байх ёстой. Миний хувьд кинонд ямар дүр бүтээхээ бодож сонгоно. Харин театрын тайзнаа ямар ч дүрд тоглохоос татгалзахгүй.
-Тэгэхээр тэр дүр таны ур чадварыг олонд таниулаад зогсохгүй анх удаа тоглосон эсрэг дүр байжээ. Ажлын тухай яриаг түр орхиод Н.Баярмаа гэх бүсгүйн дотоод ертөнц рүү өнгийе?
-Би ер нь мөрөөдөх дуртай. Түүндээ хүрэхийн төлөө зүтгэж тэмцэж яваа тийм л нэгэн уран бүтээлч байна. Бүсгүй хүн юу мөрөөдөж ямар байхыг хүсдэг билээ. Түүнтэй л нэгэн адил шүү дээ. Би нийгмийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хөдөлмөрч эрч хүчтэй байхыг эрмэлздэг. Мөн аль ч салбарт амжилттай яваа хүмүүсийн ард маш сайн ар тал байдаг. Тэд байхгүй бол тайван ажлаа хийх нөхцөл боломж бүрдэхгүй шүү дээ. Өнөөдөр энд тайван суугаад ажлаа хийж байгаа маань миний ээж, ойр дотны хүмүүсийн сайхан сэтгэлийн ач тус.
-Нийгэм хөгжиж залуу хүнээс маш их зүйл шалтгаалж байна. Та одоогийн залуусыг ямар байгаасай гэж боддог вэ ?
-Манай залуучууд амьдралынхаа хүсэл зорилгыг тодорхойлчихсон, үргэлж өөдрөг ярьдаг, боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд их анхаардаг болсон юм шиг санагддаг. Мэдээж сайнтай, муутай л байдаг. Сүүлийн үед гэр бүл салалт, хүүхэд өнчрөх асуудал их гардаг болж. Залуучууд маань амьдралыг сэтгэлийн хөдөлгөөнөөр биш бодитоор харж, бие биенээ хайрлаж, үр хүүхдээ битгий өнчрүүлээсэй. Гэр бүл төлөвлөлтөд ул суурьтай хандаасай гэж хүсдэг.
-Ажил, мэргэжлийнхээ онцлогоос хамаарч шилдэг зохиол, бүтээлийг сонирхож уншдаг байх. Одоогоор ямар ном уншиж байна вэ ?
-Мэдээж ажлын шаардлагаар олон зохиол бүтээлийг уншина. Зарим тохиолдолд уншаад зогсохгүй маш их судлах шаардлага гардаг. Одоогоор жүжгийн зохиол гэхээс илүүтэй түүх аль эсвэл хувь хүний хөгжлийн тухай номыг сонирхож байгаа. Сүүлд Стивен Ковейний “Долоон зуршил” номыг уншсан. Надад их таалагдсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин