Н.МӨНХЖИН

Энэтхэг улс нэг пуужингийн тусламжтайгаар сансарт нэгэн зэрэг 104 хиймэл дагуулыг хөөргөжээ. 2014 онд оросууд нэг зэрэг 37 хиймэл дагуулыг хөөргөж дэлхийд нэрээ гаргаж байв. Энэтхэгүүдийн хөөргөсөн хиймэл дагуулын 96-г нь АНУ-ын компани үйлдвэрлэжээ. Судалгаа, тандалтын том биш хиймэл дагуулуудыг Бенгалын хоолой дахь Шрихарикота арал дээрх сансрын төвөөс хөөргөсөн байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, энэ нь тоогоороо ч, сансрын судалгааны ахиц дэвшлээрээ ч түүхэн үйл явдал ажээ. Энэтхэгийн газар нутгийн зургийг сансраас маш нарийвчлалтай, оновчтой авах чадвартай хиймэл дагуул тэдний дунд хөөрчээ. Мөн газар нутгийн маргаан, дайн мөргөлдөөн ихтэй Кашмирийг хянахад ч эдгээрийг ашиглах бололтой. Энэтхэгийн Засгийн газар энэ онд сансрын судалгаа шинжилгээний төсвөө ихээхэн нэмэгдүүлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин