Ч.ЗОТОЛ
АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийв. Тус нам VII  Их хурлаараа шинэ даргаа батламжилж, УИХдахь бүлгийн даргаар Д.Эрдэнэбатыг томилсныг тэрээр  дуулгав. Мөн Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталжээ.   С.Эрдэнэ АН-ын  даргаар батламжлагдахын өмнө “Удахгүй болох Ерөнхийлөгчийн болон, 2020 оны УИХ-ын сонгуульд намаа дараалан ялуулна” хэмээн амлалт өгч байсан. Тэгвэл түүнээс нэг өдрийн дараа буюу   өчигдөр  хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялуулахгүй бол хариуцлага хүлээж огцрох уу” гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид ялахын төлөө зүтгэнэ. Гэхдээ ялагдсан тохиолдолд намын удирдлагууд хариуцлага хүлээхгүй. Намын  үндсэн дүрмийн өөрчлөлтөд ингэж оруулсан байгаа” гэв.  Гэхдээ АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлт эцэслэгдээгүй, ирэх тавдугаар сарын 2-нд болох VIII Их хурлаараа эцсийн хэлэлцүүлгийг хийж,соёрхон батлах юм байна. Тэр хүртэл зай ч байна, лай ч байна гэж хэлэх хүн тус намын гишүүд дотор цөөнгүй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин