АН-ын VII Их хурал өчигдөр боллоо. Энэ хурлаар АН-ын дарга С.Эрдэнийг батламжилж, Үндэсний дүрмийн өөрчлөлтийг баталж, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох ёстой байв.
Гэвч АН-ынхан эхний хоёр асуудлаа шийдээд, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгож чадалгүй тарлаа.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг “Алтангадас” фракцдаа хуваарилсан гэх эх сурвалжийн мэдээлэл байсан. Гэвч намынхаа Их хуралд тус фракцын Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ирсэнгүй. Өөрөөр хэлбэл, “Алтангадас”-ынхан очсонгүй, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдсонгүй бололтой.
Их хурлын үеэр ХХАА-н дэд сайд асан Ц.Тувааныг Ерөнхий нарийн бичгийн даргад дэвшүүлэх гэж байна гэж байснаа МоАХ-аас БХБ-ын дэд сайд асан Г.Байгальмаагийн нэрийг намын даргад санал болгож байна гэх мэдээлэл яригдсан. Гэвч энэ бүхний аль нэгээр шийдсэнгүй тарав.
АН-ынхны ярьж буйгаар тохиролцоо дахиад үргэлжлэх бололтой юм.
Харин З.Энхболдоос намын даргын тамга, тэмдгийг ёслол төгөлдөр хүлээж авсан С.Эрдэнэ Их хурлын төлөөлөгчдөд хандаж, намын даргын хувьд анхны үгээ хэлсэн юм. Тэрээр “…1989 оны жавар тачигнасан өвлөөс эхлэн та бид ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө тэмцлээ. Өөрчлөн байгуулалтыг хийх түүхэн замналыг туулахад амар хялбар байгаагүй. Ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэж явсан олон журмын нөхөд маань өнөөдөр алга. Бид өнөөдөр түүхэн шалгуурын өмнө ирчихээд байна. Монголын ардчиллыг авч явах хариуцлага шалгуур ирээд байна. Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хариуцлага дээр ирчихээд байна. Өнөөдрийн эрх баригч хүчин монголчуудын хүсэн хүлээж байгаа ардчилал, хүний эрх чөлөө, улс орны хөгжлийг авч явах бодлого байхгүй юм байна гэдгийг бид хангалттай харлаа. Бид ардчиллын салхийг хагалж, нэг намын дарангуйлал тогтсон харанхуй нийгмээс улсаа гаргаж чадсан улстөрийн хүчин. Цаашид ч түүчээлэх үүрэг АН-д хэвээр байгаа юм байна гэдгийг харж байна.
Хөгжлийг түүчээлэх үүргээ биелүүлэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та нарынхаа захиа даалгаврыг биелүүлж, ажиллана. Ахмад, залуу, дунд гурван үеийн төлөөллийн хэлхээсийг хангаж, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах болно. АН шинэчлэгдэхийн хэрээр Монгол орон хөгжинө.
Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг АН авчирч чадна. Бүх шатны сонгуульд ялалт байгуулахын тулд асар их үүрэг хариуцлага хүлээж байгаа. Хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. 2020 оны УИХ ын сонгуульд ялах болно. Би АН-ын 180 мянган гишүүндээ итгэж байна, би Монголын ард түмэнд итгэж байна. Бид хувийн хэвшлийг хүндэтгэдэг нийгмийг бий болгоно” гэлээ.
Түүнчлэн энэхүү VII Их хурлаар баталсан АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр намын анхан дунд, шатны намын үүрийн дарга нар өөрчлөгдөж эхэлнэ. ҮЗХ отгон хуралдаанаа хийж, Их хурлаар хэлэлцэх асуудлаа батлаад албан ёсоор тарсан. ҮЗХ-г Үндэсний бодлогын хороо нэртэйгээр өөрчилж, 380 төлөөлөгч бүхий бодлогын том хороо байгуулагдана. 338 үүрийн дарга нар, аймаг, хороодын тэргүүлэгчид шинэчлэгдэхээс гадна аймаг, дүүргийн намын дарга нарыг шинээр томилох зэрэг намын шинэчлэлийн хоёр дахь том ажил хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. Түүнээс гадна АН-ын дараагийн их хурлаар Үндсэн дүрмийг эцэслэн батална. Энэ хугацаанд Үндсэн дүрэмд хийх зохицуулалт, Үндсэн дүрмийг хийх ажлын хэсэг байгуулж, хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцүүлэх шаардлагатай байгаа гэдгийг АН-ын дарга хэлж байна. Түүнчлэн тус намын VIII Их хурал тавдугаар сарын 2-нд товлогдлоо. Тэр хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг зарлах юм байна. Үүнээс өмнө бүх гишүүнээс санал авах замаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажээ. Тодруулбал, бүх гишүүнээс хамгийн олон санал авсан хоёр хүнийг намын VIII Их хурлаар нууц санал хураалтаар тодруулахаар болсон байна.
Ийн их хүлээлтийн эцэст болсон АН-ын VII Их хурал дарга, дүрэм хоёроо батлаад л тарав. VIII Их хурал хүртэл Ерөнхийлдөгчид нэр дэвшигчийг тодруулж, шинэ дүрмээр бий болсон албан тушаалуудыг эзэнтэй болгох тохироо үргэлжилнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин