Ч.ҮЛ-ОЛДОХ
Энэ хаврын жагсаал,цуглааны салхийг Сүхбаатар аймгийнхан хагалав.Тэд өнгөрсөн даваа гаригт Ардын намын удирдлагуудын бусармаг шийдвэрүүд, намчирхал, дарлал, 65 суудалдаа эрдсэн хуулиас гадуурх үйлдлүүдийн эсрэг “Хамтдаа эсэргүүцье” цуглааныг аймагтаа хийхээр зарласан. Ардын намын далбаан дор хууль бусаар Засаг даргын албыг хашиж буй З.Энхтөр малын шүлхий гарсан нэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хориг тавьснаар цуглааныг нэг удаадаа хойшлууллаа.
Харамсалтай нь хэчнээн дарж, дарлах тусам эгэл ардын уур хилэн улам асч удахгүй дэлбэрэх нь гарцаагүй. Тэгэхдээ бүр ч хүчтэй дэлбэрч, тэр нь Монголын улс төрийн бүрч том тэмцлийн эхлэл болж мэднэ. Ганц Сүхбаатар аймаг ч биш олон аймаг, сум ийм байдалтай байгаа. Тэгвэл юун “Долдугаар сарын 1” улс даяараа хөдөлсөн том тэмцэл Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан жанжны нутгаас, наран мандах зүгээс эхэлж болзошгүй. Тааж, зурж байгаа юм биш, тэнд үүссэн нөхцөл байдал нь өөрөө үүнийг хэлж байгаа юм.
Сүхбаатар аймаг өнөөдөр “Эзэнгүй айл” мэт найм дахь сартайгаа золгож байна. 2016 оны зургадугаар сард УИХ-ын сонгуультай хамт болсон аймгийн ИТХ-ын сонгуулийн маргаан одоо болтол үргэлжилж байна. Энэ нутгийнхан УИХ-д Ч.Улааныг илгээсэн. Харин аймгийн ИТХ-д МАН 16, АН 16 суудал авч тэнцсэн ч нэг тойрогт дахин сонгууль явуулж хайныг хагалахад АН-аа 100 хувь дэмжсэн. Тухайн үед Ч.Улаан гишүүн сонгуулийн PR-аа “Нутгаа хөгжүүлж байгаа хүмүүсээ авч үлдээрэй, тэд ажлаа үргэлжлүүлэг.Харин УИХ руу намайг явуулчихаарай” хэмээж байсан нь ийнхүү биеллээ олсон. Сүхбаатар аймагт АН ИТХ-ын 17 суудлыг авч олонх болсон. Тэгвэл үнэг сүүлээ үзүүлэх мэт уран үгээр илбэдэж Их хуралд гарсан Ч.Улаан нь эргээд чонотой нийлж хот руугаа дайрдаг нохой шиг авирласан. Тэр нь юу вэ гэвэл, аймгийн ИТХ-ыг намдаа хүчээр авч өгөх, сонгуулиар өөртөө ажиллуулсан хүмүүсээ албан тушаалд томилохоор улайрсан явдал. Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг нь ч 16+1 буюу Сонгуулийн хууль зөрчиж шүүх дээр байсан нэг хүнээ нэмж олонх болж Анхдугаар хуралдаанаа хийсэн гээд ИТХ-ын даргыг сонгож, Засаг даргыг томилуулах тамга тэмдэггүй хууль бус бичгийг илгээсэн. Түүнийг нь авсан Ч.Улаан “Манай аймгийн тамга алга болсон” гэсэн бичиг хийж шинээр үйлдвэрлүүлж дараад Ерөнхий сайдад өргөн барьснаар батлуулсан. Нам сольж мэхэлдэг хүнд тамга үйлдвэрлүүлж залилах бол юу ч биш л дээ. Ингээд өөрийг нь сонгосон Сүхбаатарын ард түмнээ тэрээр “Дургүй ламд дарж байж сахил хүртээх” гэгч болгож, Засаг дарга, ИТХ-ын даргыг нь хууль бусаар томилж, итгэл сэтгэлийг нь уландаа гишгэв. Дахин сонгуульд АН-аас нэр дэвшиж, одоо Засаг дарга гэж таахалзаад байгаа МАН-ын З.Энхтөр гэгч нөхрийг 250 гаруй хүний саналаар илт давуу ялсан П.Мөнхжаргалын эрхийг өнөөдрийг хүртэл баталгаажуулахгүй муур, хулгана болж байна. П.Мөнхжаргалын эрхийг баталгаажуулчихвал АН 17 гэдгээ хууль ёсоор баталгаажуулна. Хууль бусаар аймгийн толгойд гарч суусан МАН-ынхан эрх мэдлээ алдана. Иймд МАН-ын шилдэг арга гэх “Шүд сугалах”технологиор ИТХ дахь АН-ын төлөөлөгчдийг 65 суудалтай намынхаа бяраар АТГ, хууль хүчний байгууллагад өгөөд өөрсдөө эрх мэдэлдээ үлдэнэ хэмээн ил цагаан ярьж, ичих булчирхайгүй авирлаж байна.

Улс даяараа хөдөлсөн том тэмцэл Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан жанжны нутгаас, наран мандах зүгээс эхэлж болзошгүй гэв.
Өнөөдөр түүнийх нь гороор аймгийн засаг, төр ганхаастай, ИТХ нь хуралдаж чадахгүй, цалин,тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүй, зээлтэй иргэд нь зээлээ төлөх мөнгөгүй сууцгааж байна. Аймгийн бүх шатны төрийн байгууллагад халаа, сэлгээ өрнөж, тэнд ч тэдний хүүхэд ажилгүй боллоо, энд ч эдний нөхөр ажлаасаа халагдлаа яана гэцгээж байна. Оронд нь энд тэндхийн хулгай, луйвартай холбогдож нэр сэвтсэн хэн ч танихгүй, ажлын чадваргүй хүмүүс намын томилгоогоор очиж барилдахаасаа таахалзах гэгчийг хийж явна. Дээр нь Сүхбаатар аймгийн хоёр сумд малын цэцэг өвчин гараад намжсан бол Эрдэнэцагаан, Асгат суманд зээрээс малд халдварласан шүлхий өвчин гарч хорио, цээрийн дэглэм тогтоолоо. Тухайн сумдад нь хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, зохицуулалт хийж болох ч Засаг дарга нь өөрсдийнх нь хууль бус үйлдлийн эсрэг “Хамтдаа эсэргүүцье” нэртэй ганц өдрийн цуглааныг боож,хаахын тулд онц байдал зарлаж, тэр нь 21 хоног үргэлжлэхээр болоод байна. Шүлхийдээ ч гол биш улс төрийн шалтгаантай зарласан өндөржүүлсэн бэлэн байдал иргэдэд дарамт, эдийн засагт нь чөдөр болохыг МАН-ынхан бодолцсонгүй. Энэ мэтчилэн Сүхбаатар аймагт “Цагаан сар ба Хар нулимс” гэмээр үйл явдал өрнөж байна. Уг нь жанжны нутаг улсын хэмжээнд шилдэг аймаг, хөгжлийн жишиг болж байсан цаг саяхан. Тэгвэл сонгуулиас хойш шившиг, одоо бүр байгаад есөн шид бүрдсэн газар болж хувирчээ.
Аймаг,орон нутгийнхаа байдалд сүхбаатарчууд санаа зовоогүй биш зовж байгаа. Эхнээсээ үгээ хэлж ч байна.Тухайлбал, Сүхбаатар аймгийнхан бултаараа амыг нь харж, үгийг нь хүлээж байдаг, ус нутгийнхандаа “Ар Монголын Ай Сэцэн, Дарьгангын Дай Сэцэн” хэмээн хүндлэгддэг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ай.Төмөр-Очир нэгэнтээ “... З.Энхтөр гэдэг нөхөр манай аймгийг даргалаад сууж байгаа. Тэр дарга байж болно. Гэхдээ З.Энхтөр гэж хэн бэ. Хаанаас хэн гараад ирэв, юу вэ. Зам дээр байсан зараа юу. Заяа золоор таарсан заан уу. Гайхах, эргэлзэх юм байгаа. Би 1981 онд МАХН-д элсч 30 жил сайн, мууг нь дуудаж явлаа. Энэ намын Их хурлын төлөөлөгч байлаа. Ардын намын гарамгай менежер гэж энэ намынхан алтан хадаг бариад ирсэн өдрүүд олон бий. Тэгвэл өнөөдөр би яагаад зам дээр гээгдээд сууж байна гэдэг бас эргэлзээтэй. Ардын нам бярдаж, З.Энхтөрд аймгийн Засаг даргын албыг бариулаад байгаа юм. Энэ нь явж явж намын удирдлага, М.Энхболд даргатай холбоотой. Би М.Энхболд даргад нөхөрсөг зөвлөгөө өгмөөр байна. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унадаг. Өөр бусдын шидсэн чулуу өмнүүр, хойгуур өнгөрдөг юм. Та нар өнөөдөр Сүхбаатарын ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй, сонгуулийн бус аргаар явж байгаа хүнээр аймаг орон нутгийг удирдуулах гэж тоглох юм бол маргааш Ерөнхийлөгчийн сонгуулиар малгайнаас чинь том чулуу толгой дээр чинь унаж мэдэх юм шүү. З.Энхтөрөөр аймгийн дарга тавина гэдэг эр үхрээр бух тавьж үнээ, тугалаа сувайруулахтай адил. АН-ын дарга Ж.Батсуурь бол найман жил Сүхбаатар аймгийг удирдсан шиг удирдсан байхгүй юу.
Аймгийн ИТХ-д нам нь 17 суудалтай болж Ж.Батсуурийнхаа нэрийг Засаг даргад өргөн барьсныг МАН шийдэхгүй бярдаж байгаа. Ж.Батсуурь бурхан биш, алдаа оноо бий. Гэсэн ч өнөөдөр найман жил үнээ хээлтүүлсэн бухаа агтлаад оронд нь эр үхэр тавина гэвэл эр үхэр дагасан үнээ сувайрдаг юм. Манай аймаг дөрвөн жил сувайрах нь гэж би ойлгож байна. Тиймээс би нутаг орныхоо хөгжил, зон олныхоо аж амьдралын төлөө Ерөнхий сайдад болон УИХ-ын даргад захидал бичнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн сонгуулиар Ардын намд ард түмэн алтан боломж олгосон. Өнгөрсөн долоон сарын байдлыг эргээд харахад 65 суудал авсан олонх санаанд хүртэл ажилласангүй. Засгийн газар, УИХ-ыг хар л даа. Хүүхэд тоглодог “Хөх хулганы орон” шиг л байна. Улс орныг ч тэр. Хүмүүс улс төрийг өнөөдрөөр хийгээд байна.Өнөөдөр нь маргааш болдог гэдгийг мартаж болохгүй. Ер нь тэгээд үнэнийг ил хэлж сурсан улаан нүүрийг яалтай. Өндрийн бүргэд мөндрөөс айдаггүй юм. Өргөөд өвчүүнийхээ дээр авч явах ёстой улс орноо өвдөгнөөс доогуур байлгаж байгаа үнэнийг хэлэхээс би буцахгүй” хэмээн хэвлэлээр байр сууриа илэрхийлсэн байсан.
Ардын хувьсгалын их жолоодогч, Ардын намыг үүсгэн байгуулагч жанжин Сүхбаатарын нутагт өнөөдөр нөхцөл байдал, ард түмнийх нь санаа сэтгэл ийм байна. Жанжин Д.Сүхбаатар Ардын намын баатар юм бол жанжны нутгийн ард түмэн энэ намын боол биш байлтай хэмээн сүхбаатарчууд өвөр зуураа хэлэлцэж байхыг сонссон. Хэрхэхийг энэ хаврын улс төр харуулах биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин