З.СҮХ
Уг нь Төрийн эрхийг барина гэдэг түүгээр тоглоно гэсэн үг биш. Гэтэл намууд сонгуульд илүү суудал авч, засгийн жолоог атгуутаа л төрийн албаны бүтэц, бүрэлдэхүүн үүрэг ролийг дураараа өөрчилдөг болов. Муухай дээр улцан гэгчээр Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд улам бүр муудаж, сүүлдээ олон улсад дампуурлаа зарлаж буй энэ цаг үед иймэрхүү өөрчлөлт хийгээд үнэхээр хэмнэж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй.
Өөрөөр хэлбэл, төсвийн хэмнэлт нэрээр төрийн захиргааны бие даасан чиг үүрэг бүхий байгууллагуудыг нэгтгэдэг нь мөнгө хэмнэхээсээ, муу үр дагавар ихтэйг мэргэжлийнхэн, судлаачид хэлдэг боллоо. Хүмүүс санаж байгаа бол 2012 оноос хойш Тахарын албыг байгуулаад, 2016 оны сонгуулийн дараа татан буулгалаа. Мөн 2013 онд Боомтын нэгдсэн захиргааны газар байгуулаад, түүнийгээ жилийн дараа ГЕГ- т нэгтгэсэн. Бас ГЕГ-ыг ТЕГ-тай нэгтгэснийг сая МАН засгийн эрх аваад салгалаа. Түүнчлэн үүний нэг нь Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар хоёрыг нэгтгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар юм. Уг нь Оюуны өмчийн газар нь иргэн, хуулийн этгээдийн оюуны үйлээр бүтсэн шинэ бүтээлийг бүртгэх, түүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэн, хуулийн этгээдийг бүртгэх хэмээх бие даасан чиг үүрэгтэй юм. Гэтэл энэ хоёрыг УИХ-ын 2016 оны долдугаар сарын 21-ний 12 дугаар тогтоолоор нэгтгэжээ. Шуудхан хэлэхэд, ингэж хоёр том тогтолцоот чиг үүрэгтэй байгууллагыг нэгтгэснээр хоёр байгууллагын зорилго, үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэг нь алдагдахад хүрч байгаа юм.
Тодруулбал, Оюуны өмчийн газрыг татан буулгаж, чиг үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсэн явдал нь ухралт болжээ. Үндсэндээ ямар ч судалгаагүй гаргасан шийдвэр болсон хэрэг.
Монгол Улс 1979 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ДОӨБ /Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага/-ын гишүүн орон болсон. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцэд 1985 онд нэгдэн орсон.
Энэхүү конвенцийн 12 дугаар зүйлийн дагуу Монгол Улс Аж үйлдвэрийн өмчийн асуудал эрхэлсэн тусгай албатай байх үүрэг хүлээсэн байдаг. Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт хамаардаг. Түүнчлэн 1990 онд Үндэсний хөгжлийн газар байгуулагдаж, түүний харьяа “Патент, барааны тэмдгийн газар” хэмээх бие даасан байгууллага анх байгуулагдсан нь Монгол Улс Парисын конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх том алхам болжээ.
Энэ нь шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу ардчилал, зах зээлийн харилцааг хөгжүүлэх үйл явцын хүрээнд оюуны өмчийн бие даасан төрийн захиргааны байгууллагын тогтолцоог төлөвшүүлж бүрдүүлж чадсан том амжилт болсон гэдэг.
Өнөөгийн байдлаар дэлхий дахинд оюуны өмчийн байгууллагыг бүртгэлийн чиг үүрэг гэхээс илүү инновацийн үйл ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих үндсэн байгууллага гэж тодорхойлж буй. Тэгээд ч ОХУ, БНХАУ зэрэг өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнууд оюуны өмчийн асуудлыг иж бүрэн хамарсан Засгийн газрын бие даасан байгууллагыг “Энэ зууны хөгжил дэвшлийн үндэс нь инноваци, оюуны бүтээлийн үйлдвэрлэл юм” гэсэн үзэл баримтлалд суурилан байгуулж байна.
Үүнээс гадна дэлхий дээр оюуны өмчийн салбарт хоёр систем байдаг. Үүнд:
- Мөн чанарын шүүлтийн бус систем. Энэ нь мэдүүлэг хүлээн авч, зөвхөн бүрдлийг хянаж, бүртгэж авдаг.
- Мөн чанарын шүүлтийн систем. Энэ нь мэдүүлэг хүлээн авч, бүрдлийг хянан мөн чанарын шүүлт хийж /шинэлэгийг тогтоох/, эрхийн хамгаалалт олгох эсэх тал дээр дүгнэлт гаргаж шийдвэрлэдэг.