М.ХҮСЛЭН

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын сайд Жон Келли мэдэгдэл хийлээ. Тэрээр мэдэгдэлдээ “Ирээдүйд Дональд Трампын АНУ-д орохыг хориглосон ислам шашинтай долоон орны иргэдийг маш нарийн шалгаж оруулахаар болсон” гэнэ. Түүний хэлж буйгаар АНУ-д нэвтрэх хүсэлтэй иргэдийн нийгмийн сүлжээн дэх аккаунтууд болон утасны яриаг хүртэл шалгах юм байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп исламын шашинтай долоон орны иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх зарлиг гаргасан билээ. Хоригт Ирак, Сири, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен гэх Ойрхи Дорнод болон Африкийн долоон улс багтсан юм.

Жон Келли ярьснаар түүнчлэн дээрх долоон орноос гадна “Иргэд нь бидэнд аюул занал учруулахгүй гэдгийг баталж чадах хууль журам тогтоож чадаагүй улс орнууд ч олноор байгаа” хэмээн дурджээ.

Доналд Трампын исламын шашинтай долоон орны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх зарлиг нь зөвхөн дотооддоо төдийгүй олон улсад ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байна.

Түүнчлэн Сирийн дүрвэгчдийг 120 хоногийн хугацаанд хүлээж авахгүй байхаар болов. Сирийн дүрвэгчид АНУ-д нэвтрэх нь аюултай гэж үзжээ.

Цагаан ордны тэргүүн дээрх шийдвэртэй холбоотой хэлсэн үгэндээ хориг бол ислам шашинтнуудад бус террористуудын эсрэг хориг хэмээн тодотгосон аж.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Цагаан ордны тэргүүнд хандаж АНУ-д орохыг хязгаарласан хоригийг цуцлахыг уриалсан байна. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр хориг тавьснаар АНУ терроризмээс хамгаалж чадна гэдэг нь тийм ч найдвартай арга биш гээд Трамп шийдвэрээсээ буцна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин