М.ХҮСЛЭН

АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп өөрийнх нь гаргасан цагаачдын тухай зарлигийг биелүүлэхээс татгалзсан Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Хууль зүйн сайд Салли Йейтсийг албан тушаалаас нь огцруулсан байна. Энэ тухай Цагаан ордноос мэдээлэв.

Америкийн Хууль зүйн яамыг удирдахаар Виржини мужийн Зүүн бүсийн прокурор Дана Боенте томилогджээ. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Ерөнхий прокурорын үүргийг гүйцэтгэгч Салли Йейтс Америкийн Нэгдсэн Улсыг хамгаалахад чиглэсэн хууль ёсны зарлигийг биелүүлэхээс татгалзаж, Хууль зүйн яамны нэр хүндийг гутаалаа” гэсэн байна.

Салли Йейтс Барак Обамагийн үед дээрх албанд томилогдсон бөгөөд Хуул зүйн яамны ажилтнуудад Дональд Трампын гаргасан цагаачдын тухай зарлигийг шүүхэд дэмжихгүй байх үүрэг өгсөн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп исламын шашинтай долоон орны иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх зарлиг гаргасан нь зөвхөн дотооддоо төдийгүй олон улсад ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байна. Хоригт Ирак, Сири, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен гэх Ойрхи Дорнод болон Африкийн долоон улс багтсан юм. Түүнчлэн Сирийн дүрвэгчдийг 120 хоногийн хугацаанд хүлээж авахгүй байхаар болов. Сирийн дүрвэгчид АНУ-д нэвтрэх нь аюултай гэж үзжээ.

Цагаан ордны тэргүүн дээрх шийдвэртэй холбоотой хэлсэн үгэндээ хориг бол ислам шашинтнуудад бус террористуудын эсрэг хориг хэмээн тодотгожээ.

Эх сурвалж: www.polit.mn