Н.МӨНХЖИН

Хавай арал дээр багагүй хэмжээний газрыг тусгаарлаж авах гэж байгаа Facebook-ийг үндэслэгч Марк Зукербергийг уугуул иргэд эсэргүүцэн дайн хийхэд бэлэн байна. Марк хөвгүүн Сан Франциско, эсвэл дэлхийн аль нэг хотод ажиллаагүй л бол Хавайн Куай арал дээрх диваажиндаа амарч байхыг эрхэмлэдэг. Гэвч хэдэн сарын өмнөөс тус арлын уугуул иргэд залуу тэрбумтныг өөрийн эзэмшлийн газрыг хоёр метр өндөр хана хэрмээр тусгаарлах гэж байна хэмээн эсэргүүцэж эхэлжээ. Хана хэрэм барьснаар зөөлөн, таатай салхи байхгүй болж, далайн дур булаам үзэсгэлэн харагдахаа болино хэмээн иргэд бухимдаж байна. Үнэн хэрэгтээ Марк Зукерберг эзэмшил газартаа хамгийн дээд зэргээр таашаал эдлэхийн тулд хана хэрмийг аль хэдийнэ босгоод эхэлчихсэн ажээ. Гэвч хэргийн учир өөр зүйлд байгаа аж. Зукерберг хана хэрэм босгохоос гадна арлын зарим уугуул оршин суугчдын хэдэн үеэрээ эзэмшиж ирсэн газрыг авахаар улайрч байна. Уугуул иргэд хэзээнээс л энэ газрыг эзэмшиж, ашиглаж ирсэн, хэзээ ямар өвөг дээдэс нь эзэмшиж байсныг ч санадаггүй. Facebook-ийн босс Марк Зукерберг тэрхүү газруудыг худалдаж аваад оронд нь өөр газар санал болгож байгаа ч уугуул иргэд зөвшөөрөхгүй байна. “Тэр мөнгөөр “зодож” бидний газрыг худалдахаас өөр аргагүй байдалд оруулах санаатай байна. Газраа 100 мянган доллараар зар гэсэн ч би өгөхгүй. Бид мөнгө яриагүй. 100 мянга биш 100 сая доллар өгчихвөл газраа худалдана гэж бодож байна уу? Уучлаарай, та нар эндүүрч байна. Зүгээр л бид Хавай нутгаа Хавай нутгаар нь хавай хүмүүсийн гарт үлдээмээр байна” хэмээн тэд өгүүлэв.

нэмэлт