Н.МӨНХЖИН

Цагаан ордонд ирвэл хууль бус цагаачлалыг зогсоож, үндэсний аюулгүй байдлыг сайжруулахын тулд Мексикийн хилийн дагуу хана хэрэм босгоно хэмээн амлаж байсан Дональд Трамп хэлсэндээ хүрэх бололтой. Тэрээр Twitter хуудсаараа дамжуулж “Маргааш (Өнөөдөр) үндэсний аюулгүй байдлын хувьд нэн чухал өдөр байх болно. Олон зүйлийг хэлэлцэнэ. Бид хана хэрмийг барих болно” хэмээн мэдэгдэв. Ийнхүү Америкийн шинэхэн босс хүн давахын аргагүй өндөр хана хэрмийг Мексик-АНУ-ын хилийн дагуу босгож өмнөд хөршөөс орж ирдэг бичиг баримтгүй цагаачдаас бүрэн ангижрах санаархалдаа хүрэх гэж байна. Мексиктэй залгаа хилээр зөвхөн мексикүүд бус, “Америк мөрөөдөл”-ийг хайсан Латин Америкийн бараг бүх орны иргэд, хятадууд хүртэл орж ирдэг аж.

АНУ-ын Ерөнхийлөгч хилийн дагуу хана хэрэм босгохоос гадна дүрвэгсдийг хүлээн авах хөтөлбөрийг цуцалж, хямрал, дайнтай байгаа улс орнуудын цагаачдыг АНУ-д оруулахгүй байх зарлигийг батлах гэж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Д.Трампын хоригт өртөх улсууд нь Сири, Ливи, Сомали, Иран, Ирак, Судан байх болно хэмээн CNN агентлаг мэдээлэв. Тэрээр мөн АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бичиг баримтгүй, хууль бус 11 сая цагаачийг уугуул нутаг руу нь буцаах хүсэлтэй байгаагаа нуугаагүй аж. Нэг сонир­холтой зүйл байгаа нь, хилийн дагуу барих хана хэрмийг зардлыг Мексик улс гаргах ёстой хэмээн зүтгэсээр байх бололтой.

нэмэлт