УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол зэс” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцүүлэхээр товлосон. Гэвч Дэгийн тухай хуулийн дагуу асуудал хэлэлцэхээс гурав хоноийн өмнө гишүүдийн гар дээр материалыг ирүүлээгүй. Гишүүд танилцаж амжаагүй зэрэг үндэслэлээр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Ингээд хуралдааныг нээж байнгын хороон дарга, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд шалгалтын дүнг танилцуулж хэлэлцүүлэг хойшиллоо. “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдан авсан үйл ажиллагаа нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн. Компанийн тухай хуулийн 2.2.6-д заасан төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Их хурал, тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байж болно гэж заасныг үндэслэн дээр дурдсан үйлдвэрүүдийн 49 хувийг төр өөрөө эзэмших үү, хувийн хэвшлийн хуулийн этгээдэд өмчлүүлэх үү гэдгийг төрийн өмчлөгчийн хувьд УИХ шийдвэрлэхээр байсныг зөрчиж Засгийн газар шийдвэрлэсэн гэж үзсэн. Иймд Засгийн газрын 330 дугаар тогтоолыг хүчингүй болгож, “Эрдэнэт” үйлдвэр болон Монросцветметийн 49 хувийг төр буцааж авах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргажээ.
О.Баасанхүү: “ЭРДЭНЭТ”-ИЙН МАТЕРИАЛЫГ ГУРАВ ХОНОГИЙН ӨМНӨ ГИШҮҮДЭД ӨГӨХ ЁСТОЙ
Байнгын хорооны хуралдааны дундуур сэтгүүлчид “Эрдэнэт”-ийн эргэн тойрон дахь асуудлаар Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг сонирхсон юм. Тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтын асуудал Хууль зүйн байнгын хороон дээр орж ирэхдээ гишүүдийн гар дээр тухайн үед л материалаа өгсөн. Уг нь Дэгийн тухай хуулиар бол аливаа хэлэлцэх гэж буй асуудлаар гишүүдэд гурав хоногийн дотор материалыг хүргүүлсэн байх учиртай. Тиймээс би АН-ын бүлгээс завсарлага авсныг зөв гэж үзэж байна” гэв.
Ц.Нямдорж: ХҮҮХЭД НЬ ЮМ ХИЙХ ГЭЖ БАЙХАД ХЭН Ч ГЭСЭН ТАНЬДАГ ХҮНДЭЭ ХЭЛДЭГ
Харин байнгын хорооны хуралдааны дараа Ажлын хэсэг болон Ц.Нямдорж гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд “Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаж дууссан” гээд өмнө нь Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан мэдээллүүдээ дахин дурдав. Ажлын хэсэгт багтсан Ц.Нямдорж гишүүний хувьд “49 хувийг худалдан авахад оролцсон нэр бүхий компаниуд байгаа. Хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлсэн процессыг авч үзвэл тэдгээр компаниуд 62-70 сая ам.долларыг зээлээд нэг компани руу оруулжээ. Монголбанк ч хариуцлагагүй хандаж 360 тэрбум төгрөг зээлүүлсэн байгаа. Монголбанк зээл өгдөг байгууллага биш. Арилжааны банкуудын төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах үүрэгтэй байгууллага. Гэтэл ийм зүйл хийсэн. Хуулийн хатуу хэллэгээр хэлбэл мөнгө угаалт явагдсан. Үүнийг хуулийн хэлээр цааш ярих байх аа” гэв. Сэтгүүлчдээс “Ажлын хэсэг хууль зөрчсөн байна гээд хуулийн байгууллага шиг дүгнэлт гаргаад байна. Энэ зөв үү” гэсэн асуултад Ш.Раднаасэд гишүүн “Ажлын хэсэг шалгалтынхаа дүнг л танилцуулсан” гэлээ. Ц.Нямдорж гишүүнээс сэтгүүлчид “Таны хүүхэд “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн юм билээ. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ. Хүүхэд нь шахаа хийсэн байхад та Ажлын хэсэг багтсан нь зөв үү” гэхэд “2004, 2006 онд нэг удаа миний хүүхэд гэрээ хийсэн юм билээ. Ном журмын дагуу тэр ажлуудаа хийгээд больсон. Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. Миний хүүхэд “Эрдэнэт” рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ “хууль номын дагуу хийгээд өгөөч” гэж гуйсан. Хүүхэд нь юм хийх гэж байхад хэн ч гэсэн таньдаг хүндээ хэлдэг” гэлээ.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: АЖЛЫН ХЭСЭГ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН ДҮГНЭЛТ ГАРГАСАН
Худалдаа хөгжлийн банкны зүгээс өчигдөр үдээс хойш буюу 17:00 цагт хэвлэлийн хурал зарлан “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтын талаарх Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Хэвлэлийн хуралд ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ, гүйцэтгэх захирал бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрт компанийг төлөөлөн ажиллаж буй О.Орхон, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн М.Мөнхбаатар, Да.Ганболд нар оролцсон юм. Тэд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан Ажлын хэсгийн дүгнэлт хэт нэг талыг барьсан гэдгийг тэмдэглээд “Бид нийтдээ дөрвөн удаа ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, байр сууриа илэрхийлэх хүсэлт тавьсан. Гэвч бидэнд нэг ч удаа хариу тайлбар өгөх боломж олгосонгүй. Бид өөрсдийн зүгээс бүхий л мэдээллийг Ажлын хэсэгт хүргүүлсэн. Нэгдүгээр сарын 10-нд Ажлын хэсгийн асуултад бид очиж хариулт өгсөн. Гэтэл бидний хариултыг дүгнэлтдээ тусгаагүйд харамсч байна. Ажлын хэсгийн дүгнэлтэд Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөр бус гэх мэдээллүүд гарлаа. Манай компанийн хийсэн гэрээ, хэлцлийг хүчингүй болгох тухай ярилаа. Энэ тохиолдолд ямар үр дүн гарах вэ. Гол нь ОХУ-д байсан 49 хувийг манай компани авсан тухай асуудал яригдаж байгаа. Энэ хувь Монголын Засгийн газарт биш буцаад ОХУ-ын “Ростех” компани руу шилжинэ. Нөгөө талаас, тус компанийг 49 хувийг эзэмшигч биш юм шигээр Ажлын хэсэг дүгнэсэн байна. Гэтэл хоёр улсын Засгийн газар хоорондын соёрхон баталсан тогтоолоор “Ростех” нь ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг албан ёсоор эзэмших болсныг Засгийн газар өөрөө хүлээн зөвшөөрч хуулиараа соёрхон баталсан. Хэрэв ОХУ-ын “Ростех” рүү эрхийг шилжүүлэх аваас манай компаниас тийш нь төлсөн 400 сая ам.долларын төлбөр, хүүгийн асуудлаар Засгийн газарт хандана. Гуравдагч этгээдэд худалдсан асуудлаар 100 сая ам.долларын торгуулийн асуудал бас бий. Эдгээрийг бид Засгийн газраас гаргуулж авахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Мөн худалдан авалттай холбоотой манай компаниас гарсан зарлага, ирээдүйд олж болох байсан орлого, худалдан авалтыг санхүүжүүлсэн хүүгийн төлбөрийг Монголын Засгийн газар төлөх хэмжээнд хүрэх түвшинд өнөөдрийн байдлаар хүрэхээр байна” гэлээ.
“Эрдэнэт”-ийг тойрсон асуудлаар талууд ийнхүү байр сууриа илэрхийлэв. Харин АН-ын бүлэг шалгалтын материалтай танилцсаны дараа маргаашнаас байр сууриа илэрхийлнэ гэсэн мэдээлэл дугаар шилжих мөчид дуулдлаа.
