Б.БАРС

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп Вашингтон хотын Капитолийн ордны өмнө тангараг өргөөд хэдхэн хонож байна. Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Клинтон тус улсын анхны эмэгтэй, Бүгд найрамдах намаас өрсөлдсөн Д.Трамп анхны бизнесмен төрийн тэргүүн болохын аль нэгийг сонгон шийдэх байсан нь АНУ-ын 58 дахь Ерөнхийлөчийн сонгуулийн онцлог байв.

АНУ-ын түүхэнд Д.Трампаас өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн юм уу, цэргийн карьерын туршлагагүй бизнесмен хүн ганцхан удаа нэр дэвшиж байжээ. 1940 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ф.Рузвелтийн “Шинэ чиглэл”-ийн бодлогыг эрс шүүмжлэгч хур баян, мөн л Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн В.Вилки гэгч бизнесменүүд, дунд ангийнхны дэмжлэгийг ихээр татсан ч өрсөлдөгчдөө ялагдсан аж.

Трамп гэдгийг орчуулбал хөзрийн тамга гэсэн утгатай үг гэнэ. Тэгвэл хатагтай Х.Клинтоны эсрэг тэмцэн ялалт байгуулсан Д.Трамп дэлхий даяар улам бүр нэр нөлөөгөө алдан “хөгшин арслан” лугаа болсон АНУ-ыг амласан шигээ дахин аугаа болгож чадах уу? Энэ асуултад одоогоор зөнч мэргэн хүмүүс ч хариулж чадахгүй биз ээ.

Тэгвэл үүнээс тэс өөр нэг асуулт олны анхаарлыг татаж эхэллээ. Юу гэвэл, түүнийг АНУ-ын “истэмблишмент” буюу бизнес, улс төрийн элит бүлэглэлийн эсрэг үйлдэл хийсэн Ж.Кеннедийн эмгэнэлт хувь заяаг давтана гэх хүмүүс нэмэгдэж байх шиг. Ж.Кеннеди “истэмблишмент”-ийн ашиг сонирхлын эсрэг том “дуугарч”, тэр ч бүү хэл АНУ-ын гол дайсан ЗХУ-тай ойртох алхмуудыг хийгээд олны нүдэн дээр 1963 оны арваннэгдүгээр сард Даллас хотноо алуулсан.

Д.Трамп ч ЗХУ-ын залгамжлагч ОХУ-тай хэвийн харилцаа тогтооход болохгүй зүйл байхгүй гэж мэдэгдсээр ирсэн билээ. Тэрээр тангараг өргөх ёслолдоо, “Хоёр намын төлөөлөл бус ард түмний жинхэнэ засаглал энэ өдрөөс эхлэн үйлчлэх болно. Ард түмнийг зовж байхад нийслэл Вашингтон дахь цөөн хэдэн улс­төрчийн бүлэглэл л цэцэг­л­эж байлаа. “Истэмблишмент” ард түмнийг бус өөрийгөө л хамгаалж ирсэн. Ийм төлөв байдал удахгүй өөрч­лөгдөнө гэдгийг амлая” гэж хэлжээ.

Д.Трамп зөвхөн улс төрийн байр суу­риараа Ж.Кеннедиг са­­наг­­дуулдаггүй. Тэрээр эхнэрээрээ “ган­гарснаараа” ч Ж.Кеннедитэй төстэй. АНУ-ын түүхэнд Ж.Кеннедийн эхнэр Жаклин шиг чухам Д.Трампын эхнэр Меланиа л олон түмний анхаарлыг татаж байгаа гэнэ...

нэмэлт