С.САРУУЛ
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өнөөдөр /2017.01.18/ Байнгын хорооны хуралдаанд “Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” мэдээлэл хийв. Тэрээр Тэрээр “Төрийн ордонд байрладаг байгууллагуудыг шилжүүлэн байрлуулах талаар санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Ерөнхий сайдын 2016 оны захирамжаар уг асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, асуудлыг газар дээр нь судалж үзсэний үндсэн дээр зохих дүгнэлт, зөвлөмж гаргасан. Төрийн ордны барилгыг анх 1947 оноос эхлэн барьж 1951 онд ашиглалтад оруулсан. Хоёр удаа өргөтгөл хийгдсэн, нийт 19 блок барилгаас бүрддэг. Анхны барилгын хийц нь чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай өргөтгөл нь цутгамал хучилттай баригдсан. Харин 1981 онд баригдсан хэсэг нь 5 блокоос бүрддэг бөгөөд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээг тооцож барьсан байна. Мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг 2005-2008 онд барьж ашиглалтад оруулжээ”
1981 онд ашиглалтад орсон хоёрдугаар өргөтгөлийн барилгуудыг газар хөдлөлтийн норм, дүрмийн шаардлагыг хангахгүй гэж тус тус дүгнэсэн байдаг аж.
Тиймээс Ажлын хэсэг Төрийн ордонд байрладаг байгууллагуудын аюулгүй байдлыг хангах, цаашид шилжүүлэн байрлуулах талаар санал боловсруулах ажлын хүрээнд Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдалд мэргэжлийн байгууллагаар оношлогоо, судалгаа хийлгүүлэх болон холбогдох тооцоо, судалгаа хийлгэсний зэрэгцээ төрийн дээд байгууллагуудыг түр байрлуулах боломжит байрыг сонгох, шилжүүлэх асуудлыг судалж, санал боловсруулсан байна. Мэргэшсэн эрдэмтэд, холбогдох байгууллагын 13 мэргэжлийн хүнээс бүрдсэн дэд ажлын хэсэг дөрвөн сарын турш Төрийн ордны барилгад нарийвчилсан үзлэг, шалгалтын ажлыг гүйцэтгэсний үндсэн дээр боловсруулжээ. Эрдэмтэн судлаачид оролцсон ажлын дэд хэсэг Төрийн ордны барилгын 1951 онд баригдсан долоон блок барилгыг бүтээцлэлд тавигддаг 15 шаардлагын үзүүлэлтээс 10 нь, 1961 оны эхний өргөтгөлийн 7 блок барилгын 3 үзүүлэлт нь шаардлага хангахгүй байгаа учир буулгаж шинээр барих шаардлагатай гэж дүгнэжээ. Мөн 1981 онд баригдсан 5 блок барилгад хүчитгэлийн арга хэмжээг авах боломжтой. Түүнчлэн хүчитгэлийн ажлын хүрээнд Төрийн ордны хуралдааны Их танхимын хоёр дам нурууг хүчитгэх, шинээр 9 шат төлөвлөж оруулах, дээвэр, ус зайлуулах системийг сайжруулах зэрэг арга хэмжээг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Дээр дурдсан санал, дүгнэлтийн дагуу ажлын хэсэг Төрийн ордны барилгын чанар, аюулгүй байдлыг хангахын тулд юуны өмнө 1951, 1961 онд баригдсан, газар хөдлөлтөд тэсвэргүй 14 блок барилгыг буулгаж шинээр барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүний тулд буулгаж шинээр барих, хүчитгэх ажлын зургийг хийх, түүнд үндэслэн төсөв хөрөнгийг тодорхойлох арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай. Ингэснээр 2018 оноос барилгыг үе шаттайгаар блок хэсгүүдээр буулгаж барих боломж бүрдэнэ. Ингэхдээ барилгын гадна талын хэв загвар /фасад/-ыг хадгалан авч үлдэж, барилгын дотоод зохион байгуулалт, барих технологийг орчин үеийн төлөвлөлтийн болон арга технологийн дагуу гүйцэтгэх бүрэн боломжтой. Барилга, хот байгуулалтын яамнаас хийсэн урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 оны хэсгийг буулгаж, дахин барих өртгийн төсөв ойролцоогоор 38,8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг хүчитгэж засварлахад 3,6 тэрбум төгрөг, нийт 42,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ийм үед энэ хөрөнгийг гаргах боломж хомс байгаа тул эхний ээлжинд тооцоо судалгааг хийж бэлэн болгох, мөн эрсдэл үүссэн үед Төрийн ордонд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг шилжүүлж түр байрлуулах бэлтгэлийг хангахад анхаарах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Ж.Мөнхбат сайд дурдлаа.
Түүнчлэн ажлын хэсэг Төрийн ордны барилгыг буулгаж, шинээр барихтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал, түүний Тамгын газар, Засгийн газрыг түр байрлуулах боломжит байрыг сонгох болон шилжүүлэх байрлуулах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзсэн. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлыг Засгийн газрын 11 дүгээр байранд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг Их тэнгэр дэх 24 дүгээр байранд, харин Засгийн газрыг Засгийн газрын 13 дугаар /Зам, тээврийн хөгжлийн яам/ байранд түр хугацаанд байрлуулах боломжтой гэсэн хувилбарыг ажлын хэсэг сонгосон байна. Төрийн ордонд одоогоор нийт 878 хүн ажилладаг бөгөөд нийт 406 өрөө, 37212 м2 ашигтай талбайтай юм байна.
Эх сурвалж: www.polit.mn