-Хүний хөгжил сан 924 тэрбум төгрөгийн өртэй болжээ-
М.ГАН
Ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн хуралдаанаар хийж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг төслүүдийг танилцуулав. Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,088.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,449.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 360.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.0 хувьтай тэнцэхээр байгаа бөгөөд ирэх онд шаардагдах 751.9 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын дунд хугацааны бонд гаргах замаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Иргэдэд бэлэн мөнгө олгодог Хүний хөгжил сангийн данс улайж 924 тэрбумын өртэй байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлов. Өмнөх жилүүдэд иргэдэд бэлэн мөнгөний амлалт өгснөөс болж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд зарим газраас зээл, урьдчилгаа төлбөр авсаар өр хуримтлагджээ. Ерөнхий сайд “Одоо өгдөг мөнгө байхгүй, эхний ээлжинд өрөө л барагдуулах арга хэмжээ авна” хэмээн учирлав. Өмнөх жилүүдэд бэлэн мөнгө цацсанаас тус сангийн төсөв хүнд байгааг Н.Алтанхуяг Ардын намынханд хандаж хэлсэн юм. Одоо ч гэсэн бэлэн мөнгө авч чадаагүй иргэн олон бий. Түүнийг өгч дуусгахыг зорьж байгаа ч эхний ээлжинд сангийн өр төлбөрийг барагдуулахаар шинэ Засгийн газар ажиллана гэв. 21 мянган төгрөгийн хувь, хишгээ авч чадаагүй иргэдийн мөнгийг ирэх онд нөхөн олгохоор төсөвт тусгажээ. Мөнгөө авч чадаагүй иргэдийн буруу биш гэж үзээд ямар нэгэн аргаар нөхөн олгоно гэнэ. Өмнөх жилүүдэд бэлэн мөнгөний амлалтаа гүйцээж өгөхийн тулд “Эрдэнэт” үйлдвэрээс урьдчилгаа төлбөр, Тавантолгойн нүүрсийг худалдаж олно гэсэн мөнгийг ч урьдчилан авчээ. Мөн Монголбанкнаас зээл авч Хүний хөгжил санд төвлөрүүлж иргэдэд тараасан байна. Ямар боловч энэ мэт сангийн өрийг тэргүүн ээлжинд барагдуулаад хувь, хишгээ авч амжаагүй иргэдийн мөнгийг нөхөн олгох арга хэмжээ авах аж.
Инфляц энэ онд 14 хувьтай байгааг ирэх жил 8,1 хувьд буулгахаар зорьжээ. Иргэдийн гараас хамаг мөнгийг нь хамдаг инфляц гэдэг юмыг хатуу хянана гэдгээ Засгийн газрын тэргүүн хэллээ. Ингэхийн тулд инфляц хөөрөгддөг мах, гурил, шатахууны үнийг зохицуулах аж. Ирэх онд эдийн засгийн өсөлт 18,5 хувьд хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Хэдийгээр эдийн засаг өсөх ч шинэ төсвийг улайран хамгаалахгүй гэдгээ Ерөнхий сайд онцлов. Тэрээр улсын төсөв улайсан, ямар ч мөнгөгүй үед байгуулагдсан Засгийн газрын зохиосон төсөв тийм ч сайн болоогүйг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ өмнөх рүүгээ бурууг чихэхгүй, одоогийнх нь сайн төсөв болсон гэж үзэхгүй байгаагаа учирлав. Ямар боловч өмнөхөөс нь сайжруулсан, өр төлбөрийг нь барагдуулах, төлөвлөсөн зорилтуудаа хэрэгжүүлэх, хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудыг үргэлжлүүлэх бодолтой байгаагаа Н.Алтанхуяг хэллээ. Өмнөх Засгийн газрын болж бүтэхгүй гээд орхисон болгоогүй, бүтээгээгүй ажлуудыг шинэ Засгийн газар хийнэ гэдгээ хатуу мэдэгдэв. Засгийн газраас таван тэрбум ам.долларын бонд гаргаж бүгдийг нь бүтээн байгуулалтад зарцуулах аж. Эхлээд дуусгаагүй хаясан арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэхэд энэ мөнгийг зарцуулах юм байна. Тухайлбал, аймгийн төвүүдийг холбосон автозамын ажлыг үргэлжлүүлж, олон жил ярьсан шинэ төмөр замыг эхлүүлж, эрчим хүчний төслүүдийг ч эхлүүлнэ гэж мэдээллээ. Хийж болохоор ажлуудыг шат дараалан дэмжиж хөрөнгө оруулах гэнэ. Өмнөх шиг юм болгонд мөнгө амсуулаад хаядаг, нөгөөдүүл нь ажлаа хийдэггүй задгай явсан төсвийг хумьж ажиллахаа Ерөнхий сайд онцлов. Төсөв зохиохдоо, бүтээн байгуулалтын зураг төсөл бичихдээ, тендер зарлахдаа, барилга барихдаа мөнгө “цохьдог” байдлыг таслан зогсоож хатуу хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс улсын төсөвт арай л дэндүү хүйтэн ханддаг байжээ гэж шинэ Ерөнхий сайд халаглав. Түүнийг хөдөө орон нутагт ажиллах үеэр таван жил бариад дуусаагүй эмнэлэг, сургуулийн барилгууд олон байж гэнэ. Тэр бүгдийг барьж дуусгах, хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхийн тулд 1,1 их наяд төгрөг төсөвт суулгажээ.
ЕРӨНХИЙ САЙДЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ҮҮ?
Н.Алтанхуягийг ирэх оны улсын төсвийн төслийг танилцуулсны дараа гишүүд асуулт асуув. Гишүүн Д.Оюунхорол сүүлийн үед хууль бус томилгоо олон болж байгааг Ерөнхий сайдаас лавлаж хуучин Сангийн сайдын гаргасан тушаалаас болж боловсролын салбарт ажиллаж байсан 3000 гаруй багш нар ажлаас халагдах болчихоод байгааг хэллээ. Тэрээр сайдын тушаалыг хүчингүй болгосон эсэхийг асууснаас болж Ерөнхий сайдтай маргалдав. “Хүчтэй, хариуцлагатай ажиллах шаардлага тавихаар зарим нь халшраад явсан байх. Түүнээс биш улс төрийн томилгоо байхгүй” гэж Ерөнхий сайд хариулсан. Тэрээр Д.Оюунхорол гишүүнийг хувийн сургуультай байж өмнөх парламентад Боловсролын багц хуулийн төслийн санаачлагчдын тоонд орсныг шүүмжлэв. Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн хууль батлачихаад бүх багш нарт “хайр зарлах” нь явуургүй гэдгийг хэллээ. Ерөнхий сайд “Би бодит байдлыг хэллээ. Тэгээд ч хуучин сайд Д.Хаянхярваагийн гаргасан тушаалаас болж багш нар ажлаас халагдах болсны бурууг өөрөөс нь хайх ёстой” гэв. Хувийн сургуультай, ашиг сонирхолтой гэсэнд Ардын намынхан Ерөнхий сайдыг эсэргүүцэв. “Хэрэв би худал хэлсэн бол намайг шүүхэд өг” хэмээн Н.Алтанхуяг хариу өглөө. Ардын намынхан Ерөнхий сайдын хэлсэн үгийг буруутгаж шүүхэд өгөх эсэх нь үйл явцаас тодорхой болох биз. Ямар боловч Д.Хаянхярваагийн Сангийн сайд байхдаа гаргасан тушаалаас болж олон багш ажилгүй болох нь үнэн гэнэ. Энэ тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тушаалыг хүчингүй болгохыг одоогийн Сангийн сайд Ч.Улаанд даалгажээ. Сангийн сайд Японд Валютын сангийн хуралд оролцоод эзгүй байгаа аж. Сайд нь томилолтоос ирээд гарын үсэг зурчихвал тушаал хүчингүй болоход бэлэн гэж Сангийн яамныхан гишүүдэд танилцууллаа.