М.ХҮСЛЭН
Он солигдох мөчид Туркийн Истанбул хотод 39 хүнийг буудаж хөнөөсөн гэмт этгээдийн зургийг тус улсын төрийн “Анадолу” мэдээллийн агентлаг нийтэлжээ. Халдлагын сэжигтнийг орон даяар эрэн сурвалжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригийн 01.15 цагт “Рейна” хэмээх шөнийн клубт шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан хүмүүс рүү зэвсэглэсэн этгээд дайрч, олон хүний амийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан юм. Халдлагын үеэр 39 хүн амиа алдсаны дотор Израиль, Франц, Тунис, Ливан, Энэтхэг, Бельги, Иордан, Саудын Араб, ОХУ гээд гадаадын 15 хүн байсныг албаны хүмүүс тогтоосон байна. Мөн 69 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнээс гурван хүний биеийн байдал хүнд байгаа ажээ. Гэмт этгээд хэргийн газраас зугтахдаа буугаа үлдээсэн байсан гэнэ. Мөн түүнийг Санта Клаусын хувцастай байсан гэх мэдээллийг Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгдсэн. Халдлага болох үеэр “Рейна” клубт 700 гаруй байсан аж. Гэмт этгээд эхлээд шөнийн клубын гадна хамгаалалтад ажиллаж байсан цагдаагийн офицер болон хамгаалагчийг буудаж хөнөөгөөд, дотогш орсон байна. Туркийн эрх баригчид үүнийг террорист халдлага хэмээн тодорхойлж, гэмт этгээдийг улс даяар эрэн сурвалжилж байгаа юм.
Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээсэн байна. Туркийн зарим хэвлэлд халдлага үйлдсэн этгээд Узбекистан эсвэл Киргизстаны иргэн байж магадгүй хэмээн мэдээлжээ. Гэхдээ цагдаагийнхан сэжигтэн Ойрхи Дорнодын иргэн байх магдаллалтай гэсэн байна. Одоогоор цагдаагийнхан хэргийг үйлдсэн хүнийг тодруулахаар шөнийн клубын хяналтын камерийн бичлэгийг шалган судалж байгаа аж. Камерт гэмт хэрэгтний бүрс тод бичигджээ.
Шөнийн клубт амиа алдсан хүмүүсийн дотор Иорданы тэрбумтан байжээ. Ирак гаралтай Иорданы бизнесмэн Махди Мохаммад Аль-Сарраф өөрийнхөө найз Наврас Ассафтай хамт “Рейна” шөнийн клубт хамт ирсэн байна. Тэд эхнэрүүдтэйгээ хамт шинэ жилээ угтахаар Истанбулд ирсэн байжээ. Наврас Ассаф ч халдлагын үеэр амиа алджээ. Харин тэдний эхнэрүүд шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай “The Jordan Times” мэдээлсэн байна.