Д.МЯГМАР

 

“Эрхэм та хэн болохоо төгс утгаар нь өөртөө нээвээс бурхан туйлын ихээр цэнгэн баясана. Бидний хүн болж төрсний учир ийм буюу” хэмээн зураач, бясалгагч Л.Энхтайван “Хүн хэн бэ?” номондоо бичжээ. Түүнтэй эгэл биш хүний мөн чанарын талаар ярилцлаа. 

 -Бясалгагч хүний туур­ви­сан номыг уншлаа. Али­ваа юмыг өөр өнцгөөс харж, сонин содон гаргал­гаа хийдэг юм шиг санагд­лаа. Таны хувьд хүн гэж хэн юм бэ?

-Хүн гэдэг нь язгуур ут­гаараа сүнс шүү дээ. Бид сүнсээ хүлээн зөвшөөр­дөггүй. Харин махан биеэ хэтэрхий сайн мэддэг, бас ямар ч хир халдаахгүй өмгөөлж, хамгаалдаг. Гэ­тэл сүнсэн биеэ хөсөр хая­чихаад байгаа юм.

Махан биеийг маш сайн харгалздаг, хоол ундаар байнга торддог. Гэтэл хүн өөрийн сүнсээ хооллох шаардлага зүй ёсоор гардаг юм.

-Хүн сүнсээ юугаар хооллодог юм бэ?

-Хүний сүнс хайраар ундаалдаг. Харин хүний махан бие амь хөнөөгөөгүй хүнсээр тэжээгдэх учиртай байдаг талаар би “Хүн хэн бэ?” номондоо дэлгэрэнгүй өгүүлсэн. Хүн бол сүнс. Учир нь хүний язгуур чанарын 30 орчим хувийг махан биед хамаатуулж үзнэ. Үлдсэн 70 хувь нь шууд сүнсний ахуйд хамаардаг юм. Үнэн ийм  байна. Иймээс хүнийг сүнс гэж хэлж байгаа юм. Ингэж ойлгох ч шаардлагатай цаг үед бид амьдарч байна. Хүн гэдэг нэрийг зүүж яваа бид энэ дэлхий гариг дээр сурч боловсрохоор түр зуур ирсэн сурагчид. Суралцах хамгийн анхны, хамгийн чухал хичээл маань сүнсний тухай цогц ойлголт юм. Та хүнийг нийгмийн бүтээл болсон  үү гэж бодож байна. Нийгэмд хүнийг тодорхойлж байгаа өнцгөөс нь харвал тэгж харагдана. Харин хүн гэдэг язгуур эрх ашгийнх нь үүднээс харвал огт өөр.  

-Хүний язгуур эрх ашиг гэж юуг хэлэв. Хүний мөн чанар гэсэн үг мөн үү?

-Нийгмийн зүгээс хү­ний язгуур эрх ашгийг хэрцгийгээр үгүйсгэж бай­даг. Тухайн нийгэм хүнийг мэдлэгтэй, мэдлэггүй, боловсролтой, боловсролгүй гэж ангил­даг. Бас эрүүл, өвчтэй, мөнгөтэй, мөнгөгүй, баян, ядуу гэх зэргээр ялгавар­ладаг. Тэр бүү хэл эр, эм хүйсээр нь хүчтэй гадуурхдаг шүү дээ. Хүний төрлийг олж энэ дэлхий гариг дээр мэндэлсэн бүхэн өндөр дээд язгуурт харьяалагд­даг. Тэдэнд дээд, доод, сайн, муу гэсэн чимэг, зүүлт огт зохихгүй. Өндөр дээд язгуурын эрх ашиг хүн бүрт адил үйлчлэх ёстой байдаг юм. Язгуур эрх гэж үүнийг хэлж байна. Хүний мөн чанарын талаар ярихын тулд хүмүүний гарал үүслийн эх сурвалжийн тухай сэдэв дэлгэх хэрэгтэй болно. Хүн гэдэг нь хүн төдийхөн биш гэдгийг ойлгож ухаарах ёстой. Ийм шаардлага тулгараад байгаа шинэ үе рүү бид алхаж байгаа юм билээ.    

-Хүн төрөлхтний амьдралын шинэ үе гэж  бясалгал хийж, цагаан, ногоон хоолтой болохыг хэлж байна уу?

-Энэ шинэ цаг үе биднийг гүн нойрноос сэрээж, сэнхрүүлэхээр их хэнгэргээ дэлдэж байна. Гачлантай нь энэ хэнгэргийн дууг хүний махан биеийн чихний язгуураар олж сонсдоггүй. Сэрсэн хүн хажуудахаа бас сэрээх үүрэгтэй. Бидний амьдарч байгаа энэ үе бол алтан эрин юм. Алтан эрин нь одод гаригсийн ховор тохиолдол бөгөөд хүний ухамсар сэргэн мандах гайхамшигт ундарга үе гэж нэрлэж болно. Тий­мээс энэ цагийн хүмүүс цагаан, ногоон хоолтон болоод байгаль дэлхий, хүн амьтныг хайрлаж зөв сэтгэлээр аливаа асуудалд хандаж байна.

-Хэнгэргийн дуунаар сэрсэн хүн яах ёстой юм бол?

-Хүн сэрэхийн тулд дотроо байгаа сүнснийхээ үгийг чагнах ёстой. Бид сүнснийхээ үгийг сонсохын тулд бясалгал хийхээс өөр зам алга. Бя­сал­гаж байж сүнснийхээ хэлийг ойлгох юм. Юу өгүүлж байгааг нь ухаарна. Хэрэв ингэж чадвал үгээр илэрхийлэх боломжгүй тийм бүхэл бүтэн ертөнцийг нээх болно.

-Хүмүүс сүүлийн үед бясалгалаар хичээллэж байна гэж их ярих болж. Тэд таны хэлж буй хэнгэргийн дууг сонссон юм болов уу. Бясалгал хийснээр ид шидтэй юм шиг хүний бүх л зүйл өөрчлөгддөг тухайд ямар бодолтой байдаг вэ?

-Үнэхээр хэнгэргийн дуунаар хүмүүс сэрж бай­гаа. Гэхдээ сэрсэн гэдгээ өөрөө мэдэхгүй байгаа нь дийлэнх нь.  Бясалгал хийж байгаа хүмүүс тэр болгон бүрэн сэрж чаддаггүй. Учир нь өөрийн язгуур чанараа хүлээн зөвшөөрч чаддаггүйд хамаг асуудал оршдог. Бясалгал үйлдсэнээр хүний дотроос цаглашгүй их хайр ундран гардаг. Энэ хайраар хүний сүнс тэжээгддэг юм. Энэ л бясалгал хийж байгаагийн утга учир нь байх ёстой. Сүнсээ хооллох тухай дээр ярилаа. Бя­сал­галын явцад ид ши­дийн гэж хэлж болохоор үзэгдлүүд байнга тохиолдоно. Энэ бол сүнсний ертөнцөд аялагч бясалгагчаас авч буй шалгалт юм. Шалгалтад унах эсэх нь тухайн хүнээс шууд шалтгаална. Хэрэв тухайн бясалгал хийгч ид шидийн урхинд автан элдэв долоон шид үзүүлээд байх сонирхолд хөтлөгдвөл сүнс нь хоолгүй хоцроно гэсэн үг юм. Сүнсээ хоолох нь хамгийн чухал. Ер нь бясалгал хийж эхэлсэн даруй итгэ­мээр­гүй зүйл амьдралд олон тохиолддог. Жишээ нь наад зах нь хүн эрүүлжээд ирдэг. Ажил үйлс нь бүтэмжтэй болчихдог. Хүн үүнд хууртаад сүнсээ орхиж явчихаад байдаг юм. Ийм үед хүн эзгүй болдог. Эзгүй айлд орсон хүн бүхэн эзэн нь юм шиг аашилдаг биз дээ. Түүн шиг юм болж хүнд муу ёр шүглэх нөхцөл бүрддэг. Таны асуусан шиг нийгмийн бүтээл талаас нь биднийг харвал хүмүүс бүгд эзэнгүй болж хараг­дана. Эзэнгүй хүний биед зовлонгийн үүд нээлттэй байдаг. Сүнсээ хооллож байгаа хүн зовлонд унана гэж байдаггүй. Ийм л нарийн, ширийн  зүйлстэй холбоотой юм.      

-Орчин цагийн залууст ийм яриа утгагүй сонсогдох байх. Тэд үргэлж энэ биеэ хэрхэн зовоохгүй, хөнгөн хялбар аргаар жаргалтай аж төрөх талаар бодож явдаг болов уу?

-Тийм. Гэхдээ залуу­сыг үүнд буруутгаж бо­лохгүй. Хүний язгуур мөн чанарын тухай тэдэнд хэн ч зааж сургаагүй байдаг. Боловсролын тогтолцоонд сүнсний талаарх сургалтын арга зүй огт байхгүй. Ийм нийгэмд хүүхэд, залуус гэлтгүй томчууд нь өөрсдөө амар хялбараар амь зуухын тулд байдаг бүхнээ зориулан зүтгэж байна. Ихэнх жирийн хүн махан биеэ “Би энэ байна” гэж эндүү ойлгодог. Тэгвэл таны махан биеэс сүнсийг чинь гаргах юм бол тэр дороо үхнэ. Сүнс чинь л та. Харин энэ махан бие таны түр оромж гэж хэлж болно. Тиймээс хүний сүнс үхэл гэдгийг огт мэддэггүй. Тэр мөнх оршдог. Зөвхөн нэг биеэс нөгөөд шилжих замаар амьдардаг  юм. Сүнсгүй амьд бие энэ дэлхийд байхгүй.  Энэ нь аливаа амьтан агааргүй­гээр амьсгалж, амьд явж байгаатай ижил утгагүй ойлголт юм.  Одооны хүү­хэд, залуусыг муу хэлэлт­гүй. Харин тэдэнд сүнслэг ахуйн их хэнгэргийн дуунд сэрж буйг нь ойлгуулж, ухааруулах нь хамгийн ариун гэгээн үйл хэрэг болно.

-Таны яриаг чагнаж байхад эртнээс цагаан хоолонд орж, бясалгагч болжээ гэсэн бодол төрлөө?

- Би дан ганц бясалгагч биш шүү. 1996 оноос бясалгалын зам мөрийг дагасан. Бясалгалын төрөл зүйлийг бие даан судлаж байгаад 2005 онд Арьяабалын /Чин Хай багшийн/ авшигтан бясалгагч болсон юм. 2008 оноос бие даан бясалгагч болохын зэрэгцээ “Хүн Ертөнц” нэвтрүүлгийг өөрөө хөтлөж, бусдыг зөв замд оруулах гэж хичээж ирлээ.

2003 оноос цэвэр цагаан хоолтон болсон. 2008 оноос цэвэр ногоон хоолтон болж мах гэдэг зүйлийг мартсан, хүнс­нээсээ хассан гэж  болно.           

-Одоо цагт хүн бүр  бясалгагч, их мэдэгч, бөө, сахиустан болчихоод байгаа юм биш үү. Тэгвэл сайн, ингэвэл муу гэх зэргээр хүмүүсийг занал­хийлэх болж. Мөнгөтэй, энергитэй болгож, өвчнөөс салгадаг лекц хүртэл  зарим шашны нэрийг барьж уншдаг болж?

-Тэднийг бас буруут­гах арга алга.

-Яагаад буруутгаж болохгүй гэж. Та лам, бөө нараас айгаа юу?

-Учир нь бид өөрсдөө тэднийг төрүүлсэн. Бидний мунхаг байгаа нь тэднийг давруулахад хүргэдэг юм байна. Хүнд зовлон, бэрхшээл тохиолдох бүрт арчаагүй царайлаад лам, бөөгөөр аргалуулах гэж гүйгээд ном гүрэм уншуулж, дом хийлгэж, мэргэн түргэн хүнээс тусламж гуйдаг. Жишээлбэл, та ингэж гүйдэг үү?

-Монголчууд дийлэнх нь сайн лам, бөөгөөр үйлчлүүлдэг байх шүү. Ялангуяа цагаан сараар лам нар их эрэлттэй болдог?

-Ингэж гүйдэг хүн бүр сэрэх шаардлагатай гэсэн үг. Ийм хүмүүс сүнсний хувьд унтаж байгаа гэж ойлгоорой. Буянтан болж харагдах гэж хичээгч дуу­раймлууд гэгээнтнүүдийн нэр сүрийг гутааж байдаг. Тэд таниас мөнгө авах гэж л харьцдаг биз. Бясалгаж гэгээрсэн хүн бусдаас ямар нэг өргөл, барьц авахгүй. Таныг өөртэйгөө ижил хүн гэсэн үүднээс хүндэтгэж харьцдаг. Туслахад бэлэн байдаг. Бүх шашны бай­гууллага ил, далд хэл­бэрээр сүсэгтнүүдээсээ мөнгө татаж харагддаг. Мөнгө төлөөд таны асуудал шийдэгдэхгүй. Түрүүн хэлснээр та эзгүй хэвээр л байсаар байна. Үнэхээр сэрсэн, сүнсээ хөгжүүлэх гэж байгаа хүн бусдыг сохроор дуурайхаа больдог. Таны эргэн тойронд өрнөж, буцалж буй амьдрал тэр чигээрээ буруу зүгт бүхнийг хамаад явчих хүчтэй гэдгийг ойл­гоорой. Дэлхий сөнөхдөө тулаад байгаагийн шалт­гаан нь хүн төрөлхтний  буруу үйл дэндсэнийх. Хүн тодорхой хугацаанд бясалгал үйлдээд ухамсраа хянаж байх үед аяндаа ухамсар нь сэрдэг. Ингэж чадвал хүний ухамсар дахин хэзээ ч унтахгүйгээр сэрүүн болдог. Хүний махан бие гурав хоног нойргүй явбал их юм. Харин хүний ухамсар нэг удаа сэрсэн бол хэзээ ч дахин унтдаггүйгээрээ нойрноос ялгаатай.

-Худал, үнэн нь мэдэгдэхгүй бясалгагч олширлоо. Эсвэл заавал ямар нэг багшид шавь орж бясалгалаар хичээллэх цаг үе ирсэн юм уу?

-Хүн заяаны зорилгоо биелүүлэхийн тулд заавал дайрч өнгөрөх ёстой хонгил нь бясалгал юм. Энэ хонгилыг хэн ч тойрч гараад гэгээрнэ гэж байхгүй. Бясалгаж эхлэ­хэд багшийн удирдамж заавал хэрэгтэй. Багш­гүйгээр бясалгавал осол­той. Ингэвэл хар хүчний нөлөөнд урхидуулж мэднэ. Багшгүйгээр бясалгах нь ганцаараа үл бүтэх хүмүүсийн дунд орсон нялх хүүхэд шиг юм болно.  Бясалгаж буй хүн билэг оюуны ном их унших хэрэгтэй. Монголд бясалгал, гэгээрлийн ном гаргадаг байгууллага цөөн­­гүй болжээ. Тухайл­бал,  “Монголын Психот­роникийн хүрээлэн”, “Непко” хэвлэлийн газ­раас  бясалгал, гэгээрлийн  ном эрхлэн гаргаж байна. Хүмүүс ядаж ном уншиж тэндээс гэгээрэл, ухаар­лын талаар мэдлэгтэй болох хэрэгтэй.  

-Монголчууд эрс тэс уур амьсгалыг даван туулахын тулд махан идэштэй болсон. Үүнийг буруутгах аргагүй юм биш үү?

-Таны асуултаас махыг хүнс гэж ойлгодог нийгмийн дунд тогтсон ухамсаргүй ойлголт шууд харагдаж байна л даа. Мах бол хүнс биш. Тэр чинь амьтны хүүр. Энэ энгийн үнэнийг хүмүүс ухаарах цаг болсон. Энэ цаг үед олон хүн махан хоолноос татгалзаж байгаа. Энэ нь мөн л их хэнгэргийн дуутай холбоотой. Хүмүүс сэрж байна. Та ч бас сэрж байгаа. Та сэрсэн гэдэгтээ итгэхийг хүсэхгүй байгаа учраас нойрмог байдалтай байгаа юм. Тиймээс махны бүтцийг гүйцэд ухаарахгүй байна. Эрс тэс уур амьсгалаас махан хоол хамгаална гэсэн ойлголт нь дэндүү тэнэг, хоц­рогдсон байгааг харуулж байдаг. Орчин цагийн хүнс хоолны төрөл зүйл арвин болсон. Мах хоолны цэснээс шахагдаж байгаа. Махыг хүнс биш гэдгийг ойлгоод хоолны цэснээсээ бүрэн хассан бясалгал үйлдэгч монголчууд бидний дунд амьдарсаар байна шүү дээ. Энэ талаар яривал маш их цаг хэрэгтэй.