-Барилгыг  баруун,  солгойгүй  нураавал өмчийн хэлмэгдүүлэлт  болж мэднэ-

Монгол Улсын хууль  дүрмийг зөрчиж барьсан барилгуудыг  даруй нураая. Төр  төмөр нүүрээ  гаргаж  чаддаг  шүү гэдгийг  дараа дараагийн  барилга  барих  хү­мүүс мэдэж аваг. Харин эрх  мэдэлт­нүүдийн зөвшөөрлөөр  тэдэнд авлига өгч барьсан барилгын  компаниудад  арай  өршөөнгүй хандаж, зөвшөөрөл  олгосон  түшмэдүүдийг шалга­даг  газраар нь  шал­гуу­лах ёстой  юм байна.

Ө.БАТХҮҮ

 “Нүүхийг  салхи мэд­нэ, буухыг  бут  мэднэ”  гэж Салхинд хийссэн хам­хуулийн хэлсэн нь бүтээлдээ Хуульч  Сандаг бичсэн  байдаг. Түүн лугаа хэн, хаана  юу  гэхийг  нь  даган   хуйларч явдаг зан муухай  монгол хүнд  байд­гийг  түүх үлдээн болж  өнгөрөх үйл явдлууд сануулсаар байх ажээ. Э.Бат-Үүл хотын дарга болсонтой  зэрэгцэн  бос­сон  хамгийн  том  сен­саац нь барилгын тухай байлаа. Санаатай, санам­саргүй нь  үл  мэдэгдэх  барилгын талбар дээрх  ослууд  олон  хавар нэгэн­дээ гэдгийг  харин  ч  нэг мэдрүүлэв. Бяцхан охины, хорьхон настай  залуугийн амийг  хариуц­лагагүй ба­рилгынхнаас  нэхэхээс өөр сонголт үнэндээ  байх­гүй. “Барилгын  салбар  чинь болохгүй байна шүү” гэдгийг 2,7 сая хүнд са­нуу­лаад цагаасаа эрт буц­сан талийгаачдыг бодож ажлаа сайн  хийх нь  Хо­тын захиргааныхан  бо­лоод барилгын  салба­рынх­ны  яг  одооноос  мөр­дөх  зарчим гэж  ойлгох хэрэгтэй  болжээ. 

Буруу  замаар  будаа тээж  явсанд бид  бүг­дээрээ буруутай. Улаан­баа­тарын  амьдрал ундуу  сундуй байгаа нь нийс­лэлийнхэн бидний  алдаа.  Утаа  генийг минь гэмтээж байгаа энэ цагт орон сууц ус, агаар шиг  хэрэгтэйг хэн, хүнгүй мэ­дэж байгаа  шүү дээ. Тий­мээс иргэдийн энэ  их эрэлтэд барилгын компа­нийнхан  тоглолт хийж  байшин  нэртэй  дөрвөн ханыг дур  зоргоороо бос­гоод, тэнгэрт хадсан үнэ хэлж  түмнийг шулж  бай­гаа билээ.  Мөнгө  олж байгаадаа  хэт эрдсэн компаниуд барилгын норм, дүрэм, чанар, хөдөл­мөрийн аюулгүй байдал  гэгчийг  мартаад  зөвхөн бариад  л  байснаас болж асуудал  тэнгэрт тулахдаа  хүрсэн хэрэг. Хэдий  ийм  боловч  буухыг бут мэддэг хамхуул  шиг өөрийн бо­долгүй байж хэдэн  барил­гачдынхаа нүдийг ухчих гээд  байж бас болохгүй байгаа  юм.  Өдгөө   барил­гын салбарын  ажил эр­чим­тэй явж байна.Жилд дунджаар  5-10 мянган өрхийг  орон сууцаар хан­гаж байгаа энэ салба­рынхныг бүхэлд нь  хараар будах нь энэ  дэлхий байн­га  шөнөөрөө байдаг гэдэг­тэй адил  өрөөсгөл.  Хүүх­дийн парк,  тоглоомын  газрыг булаадаг, оршин  суугчдын   нарыг  хааж  барилга барьдаг,  сур­гууль, цэцэрлэг, эмнэл­гийн газрыг дээрэмдэж  байшин  босгодог эрх  мэ­дэлтнүүд  болоод барил­гын  компанийнханд  бол  хатуу хариуцлага тооцох  нь мэдээж зөв. Тийм хү­мүү­сийн  барьсан  бай­шинг  нураахад өмгөөл­лийн үг хэлэх  шаардла­гагүй ч овоо  бос­гоо­гүй бол  шаазгай  суудаггүйн  жи­шээг бодох ёстой  юм шиг.  Өдгөө  иргэн хүн  Улаан­баатарын инженерийн шу­гам сүлжээ бүхий бүсэд барилга барихын тулд  хэч­нээн их  хүнд  суртал­тай учирч, хэдэн мянган бичиг цаас  цуглуулж, эрх мэдэлтнүүдээс гуйхын гутамшгийг үзэж, авлига  өгөхөөс өөр  аргагүйд  хүр­дэг гэдгийг  Хотын  мээр  барилга нураах шийдвэр гаргах  бүхэндээ  бодож  байгаасай гэж энэ сал­барынхан  хүсч  байдаг юм билээ. Арай  гэж  барьсан 14  давхар барилгыг нь  нураах тухай яриаг сонс­сон “Гацуурт”  компанийн захирал Л.Чинбат нэгэн сонинд ярилцлага  өгөхдөөМиний энэ орон сууцны барилга чанарын өндөр түвшинд баригдаж байгаа юм. Ганц зөвшөөрөл аваа­гүйн төлөө энэ олон хүний хүч хөдөлмөр, хүсэл мө­рөөдлийг баллах гэж үү. Би арван жил ноцолдож байж арай гэж барилга барих гэж байна. Тийм их саад бэрхшээл давж, цаг хугацаа алдсан юм шүү. Ажил хийж үзсэн, нэг хадаас хадаад амбаар ч болохноо барьсан хүн ну­раах тухай ярьдаггүй юм.  Таны нүдэн дээр өч төч­нөөн жилийн чинь хөдөл­мөрийг нураавал яах вэ. Бодож ярих хэрэгтэй шүү. Би барилгыг хамгийн том бүтээн байгуулалт гэж боддог. Барилгын салба­рынхан одоо л хөл дээрээ зогсох гэж байна. Ямар ч барилгын компани барь­сан барилгаа нураалгах дуртай байна гэж үү. Харин хүүхдийн парк, сургуулийн талбайг дээрэмдэж барьсан чанаргүй барилгыг нураана гэвэл өөр асуудал”  хэмээ­жээ.  Энэ ярианаас нэг  зүйлийг  онцолж  болно.  Амбаар  барьж  үзсэн , үзээгүй хамаагүйгээр  шалт­гааныг нь  олж  зов­лонгоос  салах  болтугай  гэдэг шиг эрх  мэдэлт­нүүдийн дэмжлэг, төрийн  албаныхны  хүнд  суртлын  хар гайн нөлөөгөөр энэ бүх  хууль  бус  үйлдэл, барил­гууд босч эрдэнэт  хүний  амийг  олноор авч  явахад  нөлөөлсөн гэдгийг хэн, хэн нь  ойлгох ёстой бололтой. 

Тэгэхээр одоо яах  вэ, хотын  дарга аа. Таслах  шугам гэж  нэг  юм байх  ёстой юм шиг. Бид  ахлах ангид дэвших  эрхээ  улаан шугамны  дээгүүр бичиг­дэж  авдаг  байсан  шиг. Хэрэв  тэгэхгүйгээр  “Хууль  бус,  зөвшөөрөл­гүй нураана  аа” гээд л  баруун, солгойгүй  дайраад  байвал өнөөгийн  нийгэмд өмчийн маш  том  хэлмэг­дүүлэлт болж  буруугаар эргэхийг  байг  гэхгүй болжээ. Инженерийн шу­гам  сүлжээтэй  газарт  барилга  барихад 140  га­руй хүний  гарын үсэгтэй  зөвшөөрөл авдаг  байсныг  90  болголоо гэж бахар­халтайгаар мэдэгдэж байс­ныг санаж байна. Гэтэл  90  хүний  гарын  үсэг гэдэг ямар их  цаг  хугацаа,  мөнгө  үрж чирэгдэл  бол­дог гэдгийг хотын дарга та албатуудаараа судлуулах  ажил  мөн  шүү. Энэ  бүх  нугалаас л  хууль  бус үйлдлийг  дэврээж, барил­гын  салбарынхныг  бараа­наар будаад  байгааг  үгүйс­гэх аргагүй. Аливааг  зөв  тал  руу  нь ангилан  ялгаж, авах  гээхийн ухаа­наар хандахыг В.Инжи­наш сургасан шиг өдгөө  үйл  ажиллагаа  явуулж буй барилгын компа­ниу­дыг таслах шугамын хоёр  талд гаргая. Үнэхээр өөрс­дийнхөө том толгойгоор  Монгол Улсын хууль  дүр­мийг зөрчиж барьсан ба­рилгуудыг  даруй нураая. Төр  төмөр нүүрээ  гаргаж  чаддаг  шүү гэдгийг  дараа дараагийн  барилга  барих  хүмүүс мэдэж аваг. Харин эрх  мэдэлтнүүдийн зөв­шөөрлөөр  тэдэнд авлига өгч барьсан барилгын  ком­паниудад  арай  өр­шөөнгүй хандаж, зөвшөө­рөл  олгосон  түшмэдүү­дийг шалгадаг  газраар нь  шалгуулах ёстой  юм бай­на. Нэгэнт  барьчихсан байшинг нураана  гэдэг хэчнээн хайран. Гэхдээ  хойшдоо  сургамж болго­хын тулд  нураахаас арга­гүйг  ойлгуулж, түмнийг  өмчийн  хэлмэгдүүлэлтэд өртүүлэхгүй байхыг л  хо­тын мээр Э.Бат-Үүл таныг  бодоорой  гэж  хүсэх  гэсэн  юм. Харин Монгол Улсад  хууль  бий, барилга бари­хад  норм, стандарт  үйл­чилдэг  гэдгийг барил­гынхан  санаж авах  биз.

Зөвшөөрөл авалгүй аж­лаа  эхлүүлсэн, нураа­хаар болсон  барилгын  жагсаалтыг  хотын захир­гаанаас гаргасан. Үүний­гээ  таслах  шугамтай жаг­саалт  болгон  шинэчлээд  давс хийвэл уустал  гэд­гийг санаж эхлүүлсэн аж­лаа  дуусгаарай гэж  Э.Бат-Үүл  даргад захъя. Хамгийн гол  нь  таслах шугамын  хоёр  талд  эг­нүү­лэхэд  ямар  ч  хэлмэг­дүүлэлтгүй байх нь  чухал.  Нураах юмыг нураах л  хэрэгтэй.  Бүх  юм цэгцэн­дээ  орсны дараагаар ну­раа­хаасаа илүүтэй  бүтээ­нэ,  босгоно гэж ярих  нь  бүр  илүү чухал  шүү.  Ну­раах амархан бүтээх хэцүү  гэдгийг бүгд мэдэж  байгаа  шүү дээ.