М.ТИЛЕГЕН
Одоогоос 25 жилийн өмнө буюу 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд Казахстан улс тусгаар тогтнолоо зарласан билээ. ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Казахстаны ард иргэд өнөөдөр тусгаар тогтнолынхоо 25 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Казахстаны нийслэл Астана хотод болсон тусгаар тогтнолын 25 жилийн ойд зориулсан баярын хурлын үеэр тус улсын төрийн тэргүүн Нурсултан Назарбаев хэлсэн үгэндээ “Ард түмний маань дэмжлэг хүнд хэцүү үед надад түшиг тулгуур болсон” гэж цохон тэмдэглэжээ. “Та бүхний, хүн бүрийн итгэл дэмжлэг, хөдөлмөр зүтгэл тусгаар тогтнолын суурийг бэхжүүлэхэд их тус болсон. Би одоогоос 25 жилийн өмнө 1991 оны арванхоёрдугаар сарын 10-нд Казахстан улсын Ерөнхийлөгчөөр албан ёсоор сонгогдох үеэр “Ард түмний төлөө, улсынхаа төлөө Казахстаны төлөө ямар ч сорилтыг давахад толгойгоороо дэнчин тавихад бэлэн” гэж хэлж байсан. 25 жил өнгөрсний дараа тусгаар тогтнолын баяраар дээрх үгээ яг тэр хэвээр нь давтахыг хүсч байна” гэжээ. Тэрээр мөн тусгаар тогтносон шинэ улс байгуулахад хүчирхэг Ерөнхийлөгчийн засаглал чухал нөлөөтэй байсныг дурдсан байна. Н.Назарбаев ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ тусгаар тогтнолын баярын 25 жилийн ойд зориулж 2017 онд тэтгэвэр болон шинээр төрсөн хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 20 хувиар нэмэхээ амласан байна.
Тусгаар улс болсноос хойш 25 жилийн хугацаанд Казахстаны эдийн засаг хурдацтай хөгжиж Төв Азийн орнуудаас хамгийн өндөр хөгжилтэй орон болсон юм. 1991 оноос хойш тус улсыг Нурсултан Назарбаев тасралтгүй удирдаж буй. Казахстаны ололт амжилтыг түүний Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалтай холбож ярьдаг. 2017 онд Казахстаны нийслэл Астана хотод дэлхийн хэмжээний “Экспо-2017” үзэсгэлэн болно. Түүнчлэн өвлийн “Универсиад” наадмыг ирэх хоёрдугаар сард хуучин нийслэл Алматыд зохион явуулна.