Б.ЭНХЗАЯА
Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэргийг 18 жилийн дараа шүүхийн танхимд хэлэлцэхээр болов. Шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өчигдөр 10:00 цагт товлогдсон юм.
Шүүх хурал 11:30 цагийн орчимд эхэлж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдараар даргалуулсан шүүгч нар, улсын яллагч, өмгөөлөгч нар болон шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцов. Хохирогчоор С.Зориг агсны дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцохоор байсан ч ирсэнгүй. Мөн шүүгчдэгчдийн ар гэрийнхнээс ч оролцсонгүй.
Хурлын эхэнд ерөнхий шүүгч М.Алдарт шүүгдэгчдийг буруутгаж буй хуулийн зүйл ангиудыг уншиж танилцуулан сэтгүүлчдийг хурлын танхимаас гарахыг хүсэв. Уг хэрэгт төрийн нууцтай холбоотой баримт, материал авагдсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарснаар хаалттай явуулахаар болсон тухай прокурорын байгууллагаас өмнө нь мэдэгдэж байв.
Үүний дагуу хурал хаалттай үргэлжилсэн. Нэг цаг гаруйн дараа буюу 12:30 цагийн орчимд шүүх хурал завсарлаж, шүүгчид хурлыг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, гэрчүүд оролцуулах хүсэлт гаргаснаар энэ сарын 21-нийг хүртэл хойшилжээ.
Шүүгдэгчдийн ар гэрийнхэн хуралд оролцохоор нэг айлаас гэхэд 10 орчим хүн хорих ангийг зорьж очсон байв. Тэр дунд, уг хэргийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хамтран үйлдсэн хэмээн мэдэгдсэн гэх Ц.Амгаланбаатарын эгч М.Гансүрэн ирсэн байлаа. Тэд хэргийн үнэн зөвийг шүүгчид л олно хэмээн найдаж байгаагаа хэлж байв.
М.Гансүрэн: АМГАЛАНБААТАР УЛААНБААТАР ОРЖ ҮЗЭЭГҮЙ ХҮҮХЭД БАЙСАН
/Ц.Амгаланбаатарын эгч/
-Миний төрсөн дүүгийн эхнэр Чимгээ, манай хөрш айлын хүүхэд Содномдаржаа нарыг баривчлаад нэг жил дөрвөн сар болж байна. Тэд мөрөөрөө амьдарч явсан хүмүүс. Ар гэрийнхэн нь маш хэцүү байдалд байна. Энэ хэргийг Чимгээ, Содномдаржаа нар үйлдээгүй. Амгаланбаатарыг ээж маань өргөж авсан. Намайг ч тэр. Бид айлын өргөмөл хүүхдүүд. Амгаланбаатар 1998 онд 16 настай, Улаанбаатар орж үзээгүй хүүхэд байсан. 2007 онд хүний амь хөнөөсөн хэргээр шоронд орсон. Одоо ялаа эдэлж байгаа. Энэ хүмүүсийг ийм хэрэгт татаж байгаад үнэхээр харамсч байна. Монголын шүүх үнэнээр шүүх байх гэдэгт итгэж байна.
С.Бямбасүрэн: ХИЙГЭЭГҮЙ ХЭРГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ШИЙТГЭГДЭНЭ ГЭДЭГ ХЭЦҮҮ
/Т.Чимгээгийн нөхөр/
-Биднийг шүүх хуралд оруулах болов уу гэсэн хүлээлт байна. Дөнгөж эхэлж байгаа болохоор тодорхой мэдээлэлгүй байна. Биднийг яагаад оруулахгүй байгааг тайлбарлахгүй байна. Эхнэрийг маань Эрдэнэтэд өглөө ажилдаа явж байхад нь бариад явсан. Хамгийн гол энэ шүүх хурал үнэн зөвийг олох байх гэдэгт найдаж байна. Бие хаа, сэтгэл санааны хувьд маш дорой байгаа. Нэг жил дөрвөн сар хоригдоно гэдэг их хугацаа. Бид хэчнээн эрх чөлөөтэй байгаа ч гэсэн бас л хэцүү байна. Хийгээгүй хэргийн төлөө ингэж шийтгэгдэнэ гэдэг хэцүү.
Л.Жавзмаа:ШҮҮГЧ НАРТ ИТГЭЖ БАЙНА
/Б.Содномдаржаагийн ээж/
-Хүү маань жил гаруйн хугацаанд хилс хэргээр хоригдож байна. Шүүх хурал болох гэж байна гэхээр нь өчигдөр /уржигдар/ Эрдэнэтээс ирж байна. Төрсөн ээж нь шүү дээ би. Яагаад оруулахгүй байгааг мэдэхгүй байна. Хаалттай хийнэ гэдэг утгаар тэгж байгаа болов уу. Ямар ч гэм хийгээгүй хүнийг төрсөн ээжийг нь ч оруулахгүй байх шаардлага байх уу. Би гомдож байна. Гэхдээ шүүгч нар үнэн зөвөөр нь шийдэх байх гэж бодож байна.
