Х.ЦОМ
Засгийн газар байгуулагдаад даруй нэг оныг үдэх гэж байна. Энэ хугацаанд хийж гийгүүлсэн, гялайж гялтайсан ажил дулимаг байгааг ганц сөрөг хүчин гэлтгүй олон нийт шүүмжилж байгаа. Мөн энэ парламентад болж, бүтэхгүй зүйлээ ярьж хэлэх гишүүд тун цөөн. Хэвлэлээс зай барьсан, зугтаж бултсан гишүүд байх. Магадгүй үүнийг нь хурал цуглаандаа суудаггүй, хууль номоо дорвитой уншиж танилцдаггүйтай нь холбож ойлгож болохоор.
Уг нь үе үеийн парламентад эмэгтэй гишүүд л ялгарч байсан түүх бий. Тэрдундаа энэ парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэйг ард түмэн сонгож өгсөн. Сонгогчдын олонх нь гурван сая хүний тал хувийг эзэлдэг охид, бүсгүйчүүд байсан нь лавтай. Тэр утгаараа өнөөгийн эмэгтэй гишүүд 1.5 сая охид бүсгүйчүүдийн дуу хоолойг төрд төлөөлөх учиртай юм. Тэгвэл одоогийн МАН-ын бүлгийн эмэгтэйчүүд ямар үүрэгтэй Төрийн ордонд суугаагаа ойлгоогүй бололтой. Дээр нь намынхаа эрх мэдэлд дарагдаад хүний эрхийн төлөө дуугарах ч сөхөө алга. Олны эрх ашгийн төлөө бол намаа давж дуугарах эрх мэдэл, сэтгэл дутаж байгаа юм.
Ганцхан жишээ дурьдая. Өнгөрсөн парламентын бүсгүйчүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлуулахын тулд “түмэн” арга хэрэглэж байлаа. Гэтэл өнөөгийн эмэгтэй гишүүд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд ямар ч үүрэг оролцоо алга. Есдүгээр сараас хэрэгжих ёстой байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг МАН-ын гишүүд буцааж байхад сөрж ганц ч үг дуугараагүй. Мөн олон нийтийн шахалтаар арай ядан Байнгын хорооны босго давсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг яаравчуулах, агуулгыг нь баяжуулахад анхаарч байгаа нэг ч гишүүн алга. Өчигдөр л гэхэд /2016.12.13/ Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэлэлцэхэд МАН-ын эмэгтэй гишүүд бараг үзэгдсэнгүй. Байнгын хорооны гишүүний хувиар хуралд суусан М.Оюунчимэг, Н.Оюундарь нар нэг ч санал хэлсэнгүй. Хуралдаа хожимдож ороод орж гарч бичиг цаас, цай кофе барьж явсаар дуусгав. Байнгын хорооны дарга зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад хуулийг буцаах саналд кноп андуурч дарсан Н.Оюундарь гишүүн “Анзаарсангүй” гээд сууж байх жишээтэй. Гишүүн Б.Пүрэвдоржийн “Одоогийн хуулиар гэмт үйлдэлд үйлдэж байгаа хүчирхийлэгчийг хаалга мөрлөж ороод зогсоох. Улмаар хариуцлага тооцох ямар ч заалт алга. Амьдрал дээр хэрэгжих боломжгүй хууль болж байна” хэмээх үг яагаад эмэгтэй гишүүдийн чихэнд ч нялзахгүй байна вэ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл нийслэлийн хэмжээнд хоногт 20-45, сард дунджаар 1300 бүртгэгдэж байна. Нийслэл хотын хэмжээнд энэ оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 696 гэмт хэрэг үйлдэгдэж 645 иргэн өртөж хохирсон. Хохирсон иргэдийн 584 буюу 90,5 хувь нь эмэгтэй хүн, 27 буюу 4.3 хувь нь хүүхэд, 34 буюу 5,2 хувь нь эрэгтэй хүн байна. Энэ мэтчилэн хүчирхийллийн хар сүүдэр хаа сайгүй улам идэвхжиж байгаа үед сэтгэл эмтлэм тоо баримт эмэгтэй гишүүдийн гар дээр, магадгүй шургуулганы нүдэнд нь байгаа байх. Хэлж ярихгүй, хийж бүтээхгүй байгаа МАН-ын эмэгтэй гишүүдэд хүчирхийлэл хамаагүй гэж үү.
Эх сурвалж: www.polit.mn