М.ХҮСЛЭН
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад тус улсын Засгийн газрын цэргүүд сүүлийн хэдэн жил босогчдын хяналтад байсан Алеппо хотын зүүн хэсгийг бүрэн чөлөөлөхөд ойрхон байгааг мэдэгдсэн байна. Алеппо хотын зүүн хэсэгт байлдаж буй босогчид, барууны орнуудын зүгээс байлдааны ажиллагааг түр зогсоох талаар санал тавьсан ч үүнийг Сирийн эрх баригчид болон ОХУ-ын тал хүлээж авсангүй. Шинжээчдийн мэдээлснээр өнгөрсөн сарын дунд үеэс хойш босогчид Алеппо хот дахь эзэмшил газар нутгийнхаа 80 хувийг, тэр дотор хотын хуучин хэсгийг алдаад байгаа аж.
Башар Асадын цэргүүд Сирийн хоёр дахь том хот болох Алеппог эргүүлж авбал 2011 онд тус улсад иргэний дайн эхэлснээс хойших хамгийн том ялалт болно. Сирийн төрийн тэргүүн “Аль-Ватан” сонинд өгсөн ярилцлагандаа “Алеппо хотыг террористуудаас чөлөөлбөл Сирид явуулж буй цэргийн ажиллагаа орвонгоор нь эргэнэ. Энэ нь Сирийн дайны төгсгөл биш ч гэсэн маш том алхам болно” гэжээ. Түүнчлэн тэрээр одоогоор мөргөлдөөнийг зогсоох ямар ч боломж байхгүй гэдгийг дурджээ. “Алеппод байлдааны ажиллагааг түр зогсоож, энхийн хэлэлцээр хийхийг ихэнхдээ америкууд шаардаж байгаа. Учир нь тэдний дэмждэг террористууд хүнд байдалд орсон. Сирийн бүх газар нутгийг террористуудаас чөлөөлөх тухай шийдвэр гаргасан. Энэ шийдвэр Алеппод ч хамаатай. Бид террористуудын саналыг хүлээж авахгүй” хэмээн Башар Асад өгүүлсэн байна.
Дамаск болон Москвагийн зүгээс хэрэв босогчид Алеппо хотыг орхин гарсан тохиолдолд энхийн хэлэлцээрийг авч үзэж болно хэмээх шаардлага тавьжээ. Сүүлийн үед маш хүнд байдалд орж, газар нутгийнхаа ихэнх хэсгийг алдсан босогчид шархадсан хүмүүсийг зөөх, оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд тав хоногийн хугацаатай гал зогсоох тухай санал гаргаад байгаа билээ. Харин Сирийн эрх баригчид босогчдын саналыг хүлээж авахгүй, дайралтаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байна.