АН-ын Их хурал өчигдөр Үндсэн дүрмийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгээр эхлэв. Хурлын эхэнд төсөлтэй танилцах боломж олгоогүй, шинэтгэлийн заалтуудаа хуучнаар сольсон хэмээн орон нутгийн төлөөлөгчид бухимдав. Мөн ҮЗХ-г татан буулгаж, шинээр дахин байгуулахдаа УИХ-ын экс гишүүн, сайд, Хэрэг эрхлэх газрын дарга болон намын удирдлагуудыг багтаахаар заасныг шүүмжиллээ. Тэдний дунд намынхаа нэр хүндийг унагасан, сонгуулиар ялагдалд хүргэсэн хүмүүс байгаа тул хариуцлага тооцох ёстой гэж олонх үзэж байв.
Харин Намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж “Энэ удаагийн Намын Их хурлаар дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж байна. Шинэчлэл үргэлжилнэ. Яарах, бухимдах хэрэггүй. Дүрмээ сайн хар, унш” гэж байлаа. Дөнгөж эхлээд ийнхүү ширүүхэн маргаантай тулсан тул хурлын тэргүүлэгч Д.Баттулга хэвлэлийнхнийг гаргаж, хаалттай горимоор хуралдсан юм. Хурлын дундуур УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Мөн зарим төлөөлөгч байр сууриа илэрхийлснийг хүргэе.
Д.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/: ХОЁР ХОНОГТ ШИЙДЧИХ АСУУДАЛ БИШ
-Танай нам дүрмээ зөвхөн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинэчлэх нь. Их хурал хийсний үр дүн гарахгүй юм биш үү?
-Эхний өдөр намын даргын илтгэл, Шинэтгэлийн хөтөлбөрийг хэлэлцсэн. Одоо Намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Үе шаттай ажиллана. Асуудлыг сэтгэлийн хөөрлөөр хоёрхон хоногт, 1100 хүний хүрээнд алх цохиод шийдчих шиг амархан юм байхгүй. Гэтэл манай нам Их хурлаараа юуг онцолж харж байна гэвэл Монгол Улсыг хөгжүүлэх ирээдүйн чиг хандлага, үзэл баримтлал, зохион байгуулалтыг яаж авч явах юм бэ гэдэгт анхаарч байгаа. Ардчилсан намын шинэчлэл 2017 он хүртэл үргэлжилнэ гэж онцолж хэлсэн нь ийм учиртай.
Ардчилсан нам нээлттэй нам болох хамгийн анхны алхмаа хийж байна. Намынхаа даргыг нийт гишүүдээсээ сонгож, намын бүтэц зохион байгуулалтыг шинэчилнэ. Намын даргаа нийт гишүүдээрээ сонгоно гэдэг нь фракцгүй болж байгаагийн хамгийн тод жишээ. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдээсээ сонгогдсон намын дарга хэн нэгний нөлөөлөлд автахгүй байх бүрэн эрх нь хэрэгжих бололцоо үүснэ. Намыг тогтвортой удирдах боломж нь баталгаатай болно.
Төлөөлөгчдийн зарим бухимдаж байгааг буруутгахгүй. Бүх юмаа шийдээд гарчихъя гэж боддог, нуулгүй хэлэхэд өдөөдөг хэсэг ч бий. Тэр болгон руу бид алхахгүй. Их хурлын дараа намын даргын марафоныг явуулж дуусгаад шинэ намын дарга сонгогдсоны дараа шинэчлэлийнхээ процессыг, үзэл баримтлалынхаа шинэчлэлийг шинэ намын даргын манлайлал дор хийх ёстой. Тийм учраас хаа, хаанаа зөв ойлгох ёстой.
-Танай намын зарим гишүүн “Ийм ардчиллын төлөө яваагүй, намаасаа гарлаа” гээд хурлыг орхин явсан. Яагаад гишүүдээ алдаад байна вэ?
-АН гишүүдээ алдаж байна гэж би үзэхгүй байна. 1210 гишүүнийг та бүхэн харж байгаа, энд Монголын жирийн иргэдийн төлөөлөл олон бий. Би тэднээр бахархдаг.
Энд зангиатай орж ирээд том, том ярьдаг хүн цөөн. Жирийн иргэдийг төлөөлсөн энэ гишүүд маань Ардчилсан намыг тарчихаасай, бутарчихаасай гэж бодож энд ирсэн гэж бодохгүй байна. Ардчилсан намд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсээр ирсэн, цаашдаа ч байна. Үүнд эмзэглэх юм үгүй.
Өнөөдөр харин ардчиллын үнэ цэнэ алдагдаж, ардчиллаас залхаж байгааг бүгдээрээ харж байна. Ардчиллыг цаашдаа уландаа гишгээд явбал бид юу руу орох юм бэ гэдэг нь бидний тулгамдсан асуудал болохоос нэг хүний намаас гарах, орох нь тулгамдсан асуудал биш хэмээлээ.
Н.Тэгшбаяр /АН-ын гишүүн/: МАНАЙ НАМ ХААЛТТАЙ ХЭВЭЭР БАЙНА
-Манай нам шинэчлэгдсэнгүй. Хуучин арга барилаараа явж байна. Намын дүрмийн шинэчлэлд хуучин зүйлүүдээ эргүүлэн оруулж ирсэн байна. Залуу гишүүдээ дэмжих талаар маш бага ярьж байна. Нам хаалга, цонхоо онгойлгох ёстой. Тэгэхгүй бол өмхий байна шүү дээ. Сэтгүүлчдийг хөөж гаргаж байгааг би хувьдаа зөв гэж үзэхгүй. Ингэж болохгүй. Илэн далангүй ярих ёстой шүү дээ. Тэгж байж нам шинэчлэгдэнэ үү гэхээс хаалгаа хааснаар өөрчлөлт ирэхгүй.
Д.Анхбаяр /АН-ын улс төрийн бодлогын газрын дарга/: ЭХЛЭЭД ДҮРЭМ, ЖУРМАА БАТЛАХ ХЭРЭГТЭЙ
-Төлөөлөгчид энэ Их хурлаар Намын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж батална гэж ойлгоод байна. Цаг хугацаанд их шахагдаж байна. Энэ удаа хамгийн хүлээгдэж байгаа зүйл намын анхан болон дунд шатны байгууллагуудыг шинээр зохион байгуулах, бүх шатны намын даргыг шинээр сонгохтой холбоотой дүрэм, журмуудад өөрчлөлт оруулах юм. Энэ өөрчлөлтийг хийж шинэ дарга нарыг баталсны дараа намын шинэчлэлийн процесс цааш үргэлжилж явах юм. шинэ Энэ ажлыг Цагаан сарын өмнө болох дараагийн Их хурлаар шийднэ.
Ж.Намсрай /АН-ын Их хурлын төлөөлөгч/: ШИНЭЧЛЭЛ УХРАЛТ БОЛЛОО
-Хурал нээлттэй, чөлөөтэй ярьсан, дүрэмдээ эрс шинэчлэл оруулсан байдалтай болоосой гэж гишүүд хүсэн хүлээж байсан. Ажлын хэсэг гарч шинэчлэлийг асуудлыг төсөлд тусгасан ч Их хурлын өмнөх өдөр хуралдсан ҮЗХ-оор эргээд хүнд сурталтай, хаалттай хуучин зүйлүүдээ оруулаад иржээ. Үүнд хот, хөдөөгөөс цугласан төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж байна.
Ийнхүү АН-ын Их хурал өчигдөр 09 цагаас эхлэн дүрмийн шинэтгэл сэдвээр үргэлжлэв. Хурал хаалттай болсон ч гаднаас зочинтой байсан нь анхаарал татсан. Тухайлбал, БНН-ын дарга Б.Жаргалсайхан намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын хамтаар АН-ын Их хуралд оролцож, “Би Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээх талаар ярьж болох юм” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Дугаар шилжих мөчид хуралдаан дуусаагүй, ямар нэгэн шийдэлд хүрээгүй байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин