М.ХҮСЛЭН
Оросын эрх баригчид Сирийн Алеппо хотоос босогчдыг шахаж гаргах талаар АНУ-тай хэлэлцээр хийхээр төлөвлөж байгааг мэдээлсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Сирийн Засгийн газрын цэргүүд Алеппо хотын босогчид эзэлж авсан хэсгийн гуравны хоёрыг чөлөөлж хяналтаа тогтоогоод байгаа аж. Сирийн эрх баригчид босогчдод хотыг орхин гарах санал тавьсан ч тэд хүлээж аваагүй. Тиймээс Сирийн Засгийн газрыг дэмжиж буй ОХУ-ын тал АНУ-тай хэлэлцээр хийхээр зэхэж байна. Энэ тухай Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Түүний хэлснээр энэ сарын 6-7-нд Швейцарийн Женев хотод Вашингтонтой хоёр талт хэлэлцээр хийх юм байна. Башар Асадын эсрэг тулалдаж буй зарим сөрөг хүчний босогчдыг дэмждэг АНУ-ын эрх баригчид одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй.
“Алеппогийн зүүн хэсгийг орхиж гарахаас татгалзаж байгаа бүлэглэлүүдийг бид экстремист, террористууд гэж үзнэ. Сирийн армийг тэдний эсрэг явуулж буй ажиллагаанд туслах болно” гэж Сергей Лавров мэдэгджээ. Харин босогчид ямар ч саналыг хүлээж авахаас татгалзаж байна. Алеппо хот дахь босогчдын томоохон бүлэглэлийн нэг болох “Нуреддин-Аль-Зинки”-н төлөөлөгч Ясер Аль-Юсуф “France Press” агентлагт өгсөн ярилцлагандаа ОХУ-ын тулган шаардлагыг хүлээж авах боломжгүй гэжээ.
Сирийн Алеппо хот дахь ОХУ-ын цэргийн шуурхай госпиталийг исламын дайчид буудах үеэр нэг хүн амь үрэгдлээ гэж ОХУ-ын БХЯ мэдээллээ.
Энэ сарын 5-нд Алеппо хот дахь Оросын цэргийн госпиталийг босогчид буудсаны улмаас нэг эмч амь үрэгдэж, хоёр эмч хүнд шархадсан байна. Тухайн үед эмнэлэгт нутгийн иргэдийг хүлээн авч үзлэг хийж байжээ. “Госпиталийн хүлээн авах тасагт бөмбөг дэлбэрч, Оросын цэргийн эмч эмэгтэй амь үрэгдэж, хоёр эмч хүнд шархадлаа. Эмнэлэгт үзүүлэхээр ирсэн нутгийн иргэд ч бас шархадлаа” гэж Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгдлээ.
Сирид иргэний дайн эхэлснээс хойш тус улсын хоёр дахь том хот болох Алеппогийн зүүн талыг босогчид, баруун талыг Засгийн газрын цэргүүд хяналтандаа байлгаж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин