Б.БАРС
Олон улсын эдийн засаг, бизнесийн мэдээллийн “Bloomberg” цахим хуудсанд ингэж бичжээ.
Түвдийн шашны тэргүүн Далай лам Монголд айлчилсны дараахан Хятадын тал хойд хөрштэйгөө хийхээр төлөвлөсөн хоёр талын уулзалтуудыг тодорхой бус хугацаагаар хойшлуулжээ.
Урьдчилан тохиролцсон хуваарийн дагуу Монголд туйлын хэрэгтэй Хятадын зээл, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэлэлцэх хоёр талын уулзалт энэ долоо хоногт болох ёстой байсан юм.
“Уулзалтаар хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэсийн үйлдвэр, нүүрснээс байгалийн хий гаргах зэрэг чухал төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Харамсалтай нь, Хятадын тал тэрхүү уулзалтыг хийх боломжгүй гэж мэдэгдсэн” хэмээн Монголын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
Уламжлалт Буддын шашинтай монголчууд Түвдтэй түүхэн нягт холбоотой бөгөөд Монгол Улс одоогийн Далай ламыг 1979 оноос хойш хэд хэдэн удаа урьж залсан байдаг. Далай ламыг салан тусгаарлагчдын удирдагч хэмээн үздэг Бээжин түүнийг урин үг хэлэх индэр олгодог улс орнуудыг буруушаасаар ирсэн билээ. Иймээс ч Бээжин Далай ламыг Монголд ирэх бүрийд эсэргүүцэл илэрхийлдэг байжээ.
Ц.Мөнх-Оргил мэдэгдэхдээ, Гандан хийдийн зохион байгуулсан Далай ламын айлчлал цэвэр шашны шинж чанартай байсан бөгөөд Засгийн газар түүнийг урихад ер оролцоогүй гэдгийг тэмдэглэсэн юм.
Хятад түүнчлэн хоёр жилд нэг удаа болдог хоёр орны парламентын түвшний зөвлөлдөх уулзалтыг ч цуцалжээ. Мөн Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Хятадад ирэх жил хийхээр төлөвлөсөн айлчлалын бэлтгэл ажил ч хэрхэх нь тодорхойгүй болсон аж.
Монгол Улс өнгөрсөн наймдугаар сард эдийн засаг нь хямарсныг зарласнаас хойш түнш орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудаас, үүний дотор Хятад, ОУВС-гаас яаралтай зээл тусламж хүсч эхэлсэн юм. Тус улсын төсвийн алдагдал энэ жил хоёр дахин нэмэгдэн нэг тэрбум ам.долларт хүрсэн бол дотоодын нийт бүтээгдэхүүн нь энэ жилийн эхний есөн сарын байдлаар 1.6 хувиар буурчээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин