Д.АРИУН
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г тойрсон авлига хээл хахуультай холбоотой дуулианаас үүдэн тус улсын Хууль зүйн сайд Ким Хён Ун албан тушаалаасаа огцорсон байна. Энэ талаар өнөөдөр /2016.11.23/ Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас албан ёсоор мэдээлсэн байна. Хөх ордноос гаргасан мэдэгдэлд, Хууль зүйн сайд Ким Хён Ун болон Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Чхве Же Гён нар огцрох хүсэлтээ өгсөн гэсэн байна. Төрийн тэргүүн тэдний хүсэлтийг хүлээж авсан гэдгийг Хөх ордны мэдэгдэлд онцолсон байна.
Өмнөд Солонгосын улсын прокурорын газраас Ерөнхийлөгчийн багын найз эмэгтэй Чой Сун Шил болон туслахыг нь авлигын хэрэгт буруутай гэж үзсэн. Өмнөд Солонгосын томоохон 50 гаруй компаниас авсан хандивын их хэмжээний мөнгийг Ерөнхийлөгчийн найз эмэгтэй хянаж, зарцуулж байсан нь тодорхой болоод байгаа юм. Энэ талаар Ерөнхийлөгч наад зах мэдэж байсан бөгөөд харин өөрөө оролцож байсан эсэх нь удахгүй тодорхой болно гэж хэргийг шалгаж байгаа прокурорын байгууллага үзэж байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн өмгөөлөгч энэ асуудлыг “улстөржсөн хоосон зүйл”-ээс үүдэлтэй гэж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Эх сурвалж: www.polit.mn