Д.АРИУН
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын засаг захиргаанд ажиллах хүмүүс тодорсоор байна. Тэдгээрийн дотроос Төрийн нарийн бичгийн дарга хэн болох вэ гэдэг дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. The Wall Street Journal –ын мэдээлснээр, Ерөнхийлөгч энэ тал дээр сонголтоо Массачусетс мужийн амбан захирагч асан Митта Ромни дээр хийж байгаа гэнэ. “Улс орны гадаад харилцааг тэргүүлнэ гэдэг утгаараа энэ бол сонгодог сонголт” гэж Ерөнхийлөгч үзэж байгааг эх сурвалж тэмдэглэсэн байна. Хэвлэлүүд, даваа гариг эсвэл мягмар гаригаас хэтрэхгүй АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга тодорно гэж мэдээлж байсан ч хойшилсон билээ. Үүний шалтгааныг Бүгд найрамдах нам дотор энэ суудлын төлөө хэд хэдэн хүн өрсөлдөж байсантай холбоотой гэдгийг The Wall Street Journal-ын мэдээнд тэмдэглэжээ. Тодруулбал, Нью-Йорк хотын дарга асан Рудольф Джулиан АНУ-ын гадаад харилцааг тэргүүлэх өрсөлдөөнд хамгийн түрүүн нэр бичигдэж байсан юм.
Өдгөө 69 настай Митт Ромни Бүгд найрамдах намын гишүүн бөгөөд 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Барак Обамад ялагдаж байсан юм. Тэрээр Ирак, Афганистанд явуулсан АНУ-ын цэргийн үйл ажиллагааг дэмждэг нэгэн. Ливид болж байгаа иргэний дайнд босогчдыг хангалттай дэмжсэнгүй гэж Барак Обамаг шүүмжилж байснаас гадна Иран, Орос, Хятадын талаар хурц хурц мэдэгдэл хийдгээрээ ч зартай улстөрч.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөөх Бүгд найрамдах намын дотоод сунгааны үеэр Дональд Трампыг ч хурцаар шүүмжилж байсан билээ.
Эх сурвалж: www.polit.mn