М.ХҮСЛЭН

Ираны дэмждэг шийт дайчид “Исламын улс” бүлэглэлийн хяналтад бай­сан Мосул хотын баруун захад оршдог “Таль-Афар” агаарын цэргийн баазыг алан хядагчдаас чөлөөлсөн талаар мэдээлжээ. Одоо шийтийн дайчид “Исламын улс” бүлэглэлийн алан хядагчид хөрш Сири улсаас зэр зэвсэг тусламж авдаг байсан замыг хаах боломжтой болсноо мөн зарлаад байна. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол “Исламын улс” алан хядах бүлэглэлийн Ирак дахь сүүлчийн бэхлэлт болсон Мосул хотыг чөлөөлөх ажиллагааны том ялалт болох аж.

“Таль-Афар” агаарын цэргийн бааз нь Мосулыг Сиритэй холбодог замаас 60 орчим км-ын зайд оршдог. Иракийн цэргүүд Мосул хотыг хойд болон зүүн хойд хэсгээс нь довтолж амжилттай давшиж буй. Гэсэн ч алан хядагчид хотын баруун хэсгээр Сиритэй холбоо тогтоож зэр зэвсэг тусламжаа авч байгаа. Тиймээс “Таль-Афар” агаарын цэргийн баазыг чөлөөлсөн нь алан хядагчдад том цохилт болно гэж шийт дайчдын тэргүүн хэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин