Б.ТӨГС

Манай төрд тогтвортой, урт хугацааны бодлого байдаггүй. Ямар бодлого хэрэгжүүлэх нь хэн нэгнээс, намаас шалтгаалдаг. Нэг засаг нь унангуут дараагийнх нь өмнөхөө үгүйсгэдэг. Өдгөө Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн ажлыг Ч.Сайханбилэгийн Шийдлийн танхим үргэлжлүүлж байна. Ингэхдээ шинэчлэл шийдэлд зайгаа тавьж өгөв бололтой. Шинэчлэл хэмээн нэрлэсэн ажлууд эхнээсээ хуучин байсан байрандаа орж эхлэв. Ялангуяа цагдаа, шүүхийн байгууллагад өнөөх шинэчлэл нам цохиулсаар. Шинэчлэлийн Засгийн газрын гишүүнээр хэдэн сар ажиллахдаа салбартаа багагүй бужигнуулж, өөрчилж амжсан Х.Тэмүүжингийн шийдвэрүүд эхнээсээ буцаж байна. Цагдаагийн албан тушаалын цол олгох журмыг шинэ сайд Д.Дорлигжав хүчингүй болгож, нэг цол алгасан дараагийн цол аваад байсан 1035 албан хаагчийн цолыг хурааж орхилоо. Тэдний 11 нь цагдаагийн хурандаа, 41 нь цагдаагийн дэд хурандаа, 139 нь цагдаагийн хошууч, 844 нь цагдаагийн ахмад цолтой байжээ. Цолоо хураалгасан албан хаагчдын хувьд тийм ч таатай үйл явдал бол­сонгүй, ялангуяа шинэхэн хурандаа нарын хувьд.

Шүүхийн шинэчлэл ч мөн адил. Хумьж, цэгцэлж байгуулсан тойргийн шүүхүүд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа гаргаж, Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтууд хаврын чуул­ганыг хүлээж байна. Хэрэв шинэчлэл гэж байгаад өөрчилсөн зохион байгуулалтыг буцааж, аймаг бүрт шүүх байгуулвал нэг жилийн хугацаанд 8-10 тэрбум төгрөгийн зардал гарч, шүүхийн тоог 24-өөр, шүүгчийн тоог 90-ээр нэмэх шаардлагатай болно гэсэн тооцоо судалгаанууд гарч байна. Ийнхүү нэг Засгийн газрын эхлүүлсэн ажлыг нөгөө нь гарч ирээд орвонгоор нь өөрчилдөг холион бантан үргэлжилсээр. Цаана нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа хий дэмий урссаар л.