Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн өнөөдрийн /2016.11.11/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.  Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг чуулганы хуралдаанд танилцуулж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 нас хүрээд, хэрэв дөрвөөс олон хүүхэдтэй бол 50 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Статистик тоо баримтаас  үзвэл жилд 80 орчим мянган эх хүүхэд төрүүлж, 90 гаруй мянган ээж хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн авч буй тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийнхээс 10-15 хувиар доогуур байдаг. Эхчүүдийн тэтгэврийн хэмжээ харьцангуй доогуур байгаа нь тэд таван насаар эрт тэтгэвэрт гардаг болон хүүхдээ гурван нас хүртэл асрахаар авсан чөлөөний хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, эсхүл дутуу төлөгдсөнөөс ажилласан буюу шимтгэл төлсөн хугацаа нь бага байдагтай холбоотой байна.

Түүнчлэн тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан эхэд цалин хөлсний дунджаас 100 хувиар, сайн дураар даатгуулсан эхэд 70 хувиар тооцон олгодог нь ижил шалтгаанаар орлогоо алдсан тохиолдолд сайн дураар даатгуулсан эхчүүд бага тэтгэмж авч эрх ашиг нь зөрчигдөж буй юм.

Малчдын хувьд тэд жилийн дөрвөн улиралд байгаль цаг уурын хүнд нөхцөлд  мал сүргээ хариулах, хамгаалах гэж өдөр шөнийн ээлжгүй, ажил, амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч явдаг онцлог хөдөлмөр эрхэлдэг. Ажлын цаг үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал үргэлжилдэг төдийгүй дийлэнхи хугацаа нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд нар салхинд өнгөрдөг.Энэ утгаараа малчид нар салхинд хамгийн ихээр гандаж элээгдэж яваа хүмүүс. Ажил хөдөлмөрийн энэхүү онцлогоос шалтгаалж малчдын дундаж наслалт төв суурин газрын иргэдийн дундаж наслалтаас харьцангуй доогуур байгаа зэрэг шалтгааныг үндэслэн тэдний нийгмийн баталгааг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын нэр бүхий гишүүд боловсруулан, өргөн барьсан юм.

Уг төслөөр эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр  төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, түүнчлэн малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулах боломж бүрдэх юм.

Бидний санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Ардын Намын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилтууд болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй бүрэн нийцэж байгаа болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд эхчүүд, малчдын нийгмийн баталгааг хангах, малчдын нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Нийгмийн даатгалын сан, ажил олгогч, улсын төсөв болон иргэн тус тус санхүүгийн ачааллаа хариуцахаар тооцсон болно. Нөгөө талаар төсвийн үргүй зардал болон нийгмийн даатгалын шимтгэлийг авлагыг бууруулах, тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндсэн дээр энэхүү зардлыг санхүүжүүлэх боломжтой гэж тооцсон болно.

Хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас зарчмын хувьд дэмжсэнбөгөөд зарим тодорхой саналыг хуулийнтөсөлд тусгасан.

Эх сурвалж: www.polit.mn