С.САРУУЛ
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүд санаачлан өнөөдрийн /2016.11.11/ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэдэг мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг томоохон салбаруудад 240 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь нийт ажиллагчдын 47.5 хувь болж буй юм. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах ёстой ч эрхэлж буй үйл ажиллагааны орлого бага, тогтвортой биш, улирлын чанартай зэргээс шалтгаалан хамрагдалтын хувь нэн доогуур байдаг. Үндэсний статистикийн хороо болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлж буйг харж болно. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгаа алдагдахаас гадна Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тоо мэдэгдэхүйц өсч төсөвт ачаалал үүсгэх сөрөг үр дагавартай юм.
Тиймээс Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлж байгаа эдгээр салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатайг харгалзан Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулжээ.
Дээрх хуулийн төсөл нь МАН-ын Мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Малчид, хувиараа аж ахуй эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрх зүйн орчин бий болгоно” гэсэн заалттай бүрэн нийцэж байгаа юм байна.
Хуулийн төслийн танилцуулгын үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг “Бидний санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл УИХ-аас батлан хэрэгжүүлснээр малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлж, нийгмийн баталгаа нь сайжрах, даатгалд хамрагдагчдын хүрээ нэмэгдэж, нийгмийн даатгалын санд орлого төвлөрөхөд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага хувьчлагдсанаар хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, нийгмийн хамгааллын гадна үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд эдийн засгийн өршөөл үзүүлж, нөхөн төлбөр олгож байгаатай дүйцэхүйц ач холбогдолтой арга хэмжээ гэж бид үзэж байна.
Хуулийн төслийг батлан хэрэгжүүлснээр хуулийн үйлчлэлд 491.6 мянган хүн хамрагдана. Хэрвээ энэ хуульд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 189.0 тэрбум төгрөгийн орлого тэтгэврийн даатгалын санд төвлөрнө гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл, нас, шимтгэл төлсөн болон тэтгэвэрт гарах хугацаа зэргээс малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн шимтгэлээ нөхөн төлөх сонирхол хамаарна гэж тооцсон билээ.
Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас зарчмын хувьд дэмжсэн бөгөөд зарим тодорхой саналыг хуулийн төсөлд тусгасан” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn