Б.ЗАЯА
Баянзүрх дүүргийн АН мад тавиулчихлаа. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль тэдний хувьд хар дарсан зүүд байлаа. Нийслэлийн сонгуулийн хорооноос тус дүүрэгт 22:19-ийн харьцаатай АН ялсныг санал хураах орой зарласан юм. Гэтэл маргааш нь дүүргийн Сонгуулийн хороо зургаан гишүүнийг нь түдгэлзүүлэх тогтоол гаргачихав.
Тогтоолын утга нь АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан зургаан гишүүн иргэдийн саналыг татах зорилготой үйлдэл гаргасан гэх. Үнэндээ Сонгуулийн хорооны тэрхүү тогтоол нь хууль бус гэж байгаа. Сонгуулийн тухай хуулийн 3.1.7-д сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Сонгуулийн хороо нэр дэвшигчийг татах үндэслэл үүсэх учиртай. Шүүх, хуулийнхны процессыг алгасч “томорсон” тогтоолыг баталгаажуулсан нарийн бичгийн даргын гарын үсэггүйгээр дүүргийн АН-д хүргүүлсэн юм билээ. АН-ын нэр бүхий гишүүд нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан тухай мэдээгүй явтал Сонгуулийн хороо нь МАН-аас сонгогдсон гишүүдэд яаруу сандруу түр үнэмлэх гардуулсан нь цаанаа л сонирхолтой.
Ялалт байгуулаад хасагдсан нэр дэвшигчид, сонгогчид эсэргүүцэн хэвлэлийн бага хурал зарлалаа. Жагсаал, цуглаан ч хийлээ. Үр дүнд хүрсэнгүй.
Уг нь энэ үед Баянзүрхийн АН-д Ж.Батзандан хэрэгтэй байлаа. АН 2016 оны УИХ-ын сонгуулиар есхөн суудал авсны нэг нь Баянзүрх дүүргээс АН-ыг төлөөлж сонгогдсон гишүү нь Ж.Батзандан. Ер нь энэ дүүрэг Ж.Батзанданд тунчиг ээлтэй. Хоёр парламент дараалан дүүргийн АН-ын идэвхтэн гишүүд, сонгогчид түүнд итгэл хүлээлгэсэн. Бараг бүх асуудалд байр сууриа илэрхийлж явдаг Ж.Батзандан энэ удаа таг чиг байгааг улс төрийн хүрээнийхэн сонин болгон ярьж байна. Сонгогдсон тойрогт нь намынх нь нөхөд адлагдаж байхад эрхэм гишүүн нь хаана явна вэ. Баянзүрхийн АН-ын шуугиан Ж.Батзанданд хамаагүй юу?
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин