Н.МӨНХЖИН

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тагнуулч асан Эдвард Сноуден Вашингтоны эрх баригчдыг гомдоосоор байна. Энэ удаа тэрээр Германы “Spiegel” сэтгүүлтэй хамтран АНУ-ын тусгай албад дэлхий дахиныг хэрхэн тагнадаг талаар шинэ баримт материал дэлгэжээ. АНУ-ын эрх баригчид цахим сүлжээ ашиглан дэлхийг тагнаад зогсохгүй олон улсын жинхэнэ кибер дайнд бэлтгэж байгааг илчилсэн байна.

Америк, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеландад хакеруудын цэрэгжсэн кибер отрядууд байгуулагдаж байгаа аж. Компьютерийн систем дахь эмзэг газруудыг олох, хүчтэй өрсөлдөгч нарын дэд бүтцийн объектуудыг жагсаалаас гаргах хор хөнөөлтэй программ боловсруулж, нэвтрүүлэх нь тэдний нэг зорилго ажээ. Тэр тусмаа өрсөлдөгч орнуудын зэвсэгт хүчний командлалын цахим системд нэвтрэн байнгын хяналт тогтоож, хэрэгтэй цагт “довтолж” ажиллагаагүй болгох нь гол зорилго бололтой. Сонирхолтой нь, АНУ-ын кибер арми аль хэдийнэ 40 мянган дайчинтай болж, нэг тэрбум долларын төсөвтэй болоод байна. Энэ нь 2013 оны тоо баримт бөгөөд 2014 онд төсөв, орон тоо нь улам нэмэгдсэн ажээ.

Кибер орон зайд, цахим, компьютерийн сүлжээнд халдаж довт­лохыг олон улсын ямар ч хууль дүрэм, конвенцээр хязгаарлаагүй тул одоогоор кибер зэвсгийн ашиглалт, хяналт америкуудын гарт байгаа юм. Өөрөөр хэлбэл, кибер зэвсэглэлийн уралдаанд америкууд манлайлж байна. Мэдээж тэд өөрс­дийгээ хязгаарлаж, зогсоох бодолгүй байна. Google, Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээнд нэгдэх нь аюултай, баталгаагүй. АНУ-ын Үн­дэсний аюулгүй байд­лын агентлаг эдгээр сүлжээг ашиглан иргэдийг тагнаж, мөрдөж байдгийг Эдвард Сноуден аль хэдийнэ илчилсэн билээ.