Л.ХЭРЛЭН
Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа “Эрдэнэс MGL”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн үйл ажиллагааг нээлттэй хэлэлцүүлэв. “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал Я.Долгоржав, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаатар, дэд захирал Г.Тэмүүлэн нар ажлаа тайлагнаж, гишүүдийн асуултад хариулсан юм. Гэхдээ гишүүд ч, байнгын хорооны нээлттэй хэлэлцүүлгийг сурвалжилсан хэвлэл, мэдээллийнхэн ч хангалттай мэдээлэл сонсч чадсангүй. Танилцуулгаас эхлээд компанийн захирлууд гишүүдийн асуултад хариулсан нь “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Болдой, Долдой нарын тал еэвэнгийн үлгэрийг санагдуулж байлаа.
“Эрдэнэс MGL” компани 2007 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл Оюутолгой, Тавантолгойн ордын бүхий л үйл ажиллагаанд оролцож ирсэн. Энэ чиглэлд хоёр охин компани байгуулан ажиллаж байгаагийн нэг нь ихээхэн хэл ам таталж буй. Тэр нь Оюутолгой компани юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж, ажил эхлээд хоёр жил өнгөрч байгаа ч толгой компани, охин компани хоёр хоорондоо ойлголцдоггүй асуудлууд байгааг удирдлагууд нь ярьж байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс MGL” эрхээ шилжүүлснээр Оюутолгойн ордын 34 хувийг охин компаниараа дамжуулан Хүний хөгжил санд төвлөрүүлэх үүрэгтэй ажиллаж байгаа. Гэтэл компанийн хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцүүлж ажиллах уу, Хүний хөгжил сангийн хуульд нийцүүлж явах уу гэдэг асуудал бүрхэг байна. Ингээд дүрмээ Хүний хөгжил сангийн хуульд нийцүүлж ТУЗ-өөр батлуулан ажиллаж ирсэн гэнэ. Гэхдээ Оюутолгой төслийн хэрэгжилт маш сайн байгаа, хүний хөгжлийг дэмжсэн ашигт малтмалын бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа компанийн удирдлагууд танилцуулгадаа онцоллоо. Үүний дараа гишүүд тэднээс асууж, хариултыг нь сонслоо.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Та бүхэн Оюутолгойд Монголоо төлөөлж байгаа хүмүүс. Би Оюутолгойд шүүмжлэлтэй хандаж, сайжруулах бодолтой явдаг. Мэдээж, шүүмжлэлтэй асуултууд асууна. Гэхдээ түүний өмнө хэлэхэд, халаа, сэлгээ явагдаж байгаа үед энэ хүмүүсийг халж солих бус харин ч тогтвортой байлгаж, хамтран ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Ингээд асууя. 71:29 буюу “Монголчууд Оюутолгойн ордын 71 хувийг эзэмшинэ” гэсэн хуурамч сурталчилгаа гадуур явдаг. Энэ талаар та нараас зөвлөмж авсан уу. Та нар мэдэж байгаа юу. Үүнээс харахад хөрөнгө оруулалтын гэрээ утгагүй болсон нь харагдаж байна. Дашрамд хэлэхэд, бидний алт, зэсээр мөнгө олоод бидний эсрэг ийм том сурталчилгаа явуулж, хүч тэнцвэргүй тулаан болж байхад төрөөс зохицуулалт байна уу. Энэ талаар та нар санал тавьж үзсэн үү. Энэ чинь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна шүү дээ. Эсвэл 34 хувь байгаа бол бид гарсан самбар болгоных нь 34 хувьд санаа, бодлоо оруулж болох уу. Та нар тэднээс санхүүгийн тайланг нь авч чадаж байна уу. Тэд 500 төгрөгийн ганц шүгэлийг гаалиар 30 ам.доллараар оруулж байна. Энд бүх баримт нь бий. Гэтэл та нар бараа, бүтээгдэхүүн авахад нь оролцож чадаж байна уу. 34 хувь гэж байгаа атлаа 9 дэд захирлын 3 нь монгол байж чадаж байна уу. Та нарын нөлөө байна уу. Хий дэмий тоглоод сууж байна уу. Анхны хөрөнгө оруулалт нэмэгдээд байхад яагаад бидний эзэмших хувь 34 хувь хэвээр байна вэ. Та нарт ажиллах боломж, бяр өгөхгүй утгагүй гэрээг яагаад энэ олон жил дарж байгаа юм бэ. Нууцлалын гэрээ байгаа бол одоо энд ярь. Камерон та нарыг алгасч 76-тай төрийн ордонд уулзаж байхад яагаад дуугүй байсан бэ. Та нарын ажлаа танилцуулж байгааг харахад усан онгоцон дээрх авдар, савны тухай яриад байна. Усан онгоц зөв тийшээ явж байна уу, буруу яваад байна уу гэдгийг ярь. Та нар ямар ч хяналтгүй байж юун эдийн засгийн үр ашгийн тухай яриад байгаа юм бэ” гэв.
Түүний асуултанд Я.Долгоржав “Бид эрхээ охин компанидаа шилжүүлэн ажиллаж байгаа” гэсэн бол н.Батбаатар “Оюутолгой төслийн ажил амжилттай хэрэгжиж байгаа. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд байгуулсан гэрээг эргэж харах, нягтлах зүйлүүд бий. 71:29 гэсэн сурталчилгааны самбарын хувьд түүнийг байрлуулахдаа биднээс асуугаагүй. Бид Оюутолгой төслийг амжилттай, үр ашигтай явуулахын тулд ТУЗ-ийн гурван гишүүнээр дамжуулан байнга ярьдаг. Гэрээнд нууц зүйл байхгүй. Сайтууд дээр нээлттэй байгаа. Санхүүгийн тайлангаа тухайн байгууллага нь холбогдох байгууллагууддаа гаргаж өгдөг” хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Та нарын оролцоо, хяналт байна уу гэж асуугаад байна шүү дээ ?
Д.Батбаатар:
-Бид тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Менежмент нь 100 хувь тэдний талд байдаг. Харин хяналтын тухайд бид эргэж харах ёстой байх. Түүнээс биш 34 хувь байна уу, 51 хувь байна уу хамаагүй байх. Хувь нийлүүлэгчийн хувьд нэлээд нуцтай ярих зүйлүүд бий. Эхний хөрөнгө оруулалтууд өссөөр байгаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл :
-Монголын уул уурхайн төрийн оролцоотой компани хэд байна вэ. Танай компани төрийн оролцоотой компаниудад зөвлөх үйлчилгээтэй юу. Эндээс харахад толгой болон охин компани зөрчилдөж байна. Уул уурхайн салбарт хайрганы орд танайд хамаарах уу. Ийм компани хэд байна. Үүнд Дарханы төмөрлөг орох уу, Шарын гол орох уу. Би та бүхний танилцуулгаас асууж байна шүү. Мөн танай компани ямар банктай харилцдаг вэ. Танилцуулгаас харахад зургаан удаа Сангийн яаманд тайлангаа өгөөгүй байсныг та бүхэн өгүүлсэн гэж байна. Яагаад зургаан удаа хууль зөрчсөн байна вэ. Оюутолгойн дотоод аудит ямар байна?
Я.Долгоржав “Төрийн оролцоотой хэдэн компани байгаа тоо алга” гэсэн бол С.Дэмбэрэл “Наадахаа олоод авчихаарай” гэж байлаа. Харин зургаан удаа тайлангаа өгөөгүй нь хууль зөрчсөн гэж үзэж болохгүй хэмээн Я.Долгоржав захирал хэлснийг С.Дэмбэрэл гишүүн лавлаад “Хууль зөрчсөн байна” гэж дүгнэв.
Гэхдээ хамгийн том зөрчил нь 2011 оны сүүлийн байдлаар Оюутолгойн гадаад хөрөнгө оруулалт нэг тэрбум 50 сая орчим ам.доллараар хэтрээд байгааг Д.Ганбат, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Одонтуяа нарын гишүүд онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, Монголын өр нэмэгдэж байгаад гишүүд санаа зовж байгаагаа тэмдэглэснээр байнгын хорооны хэлэлцүүлэг өндөрлөлөө.