Ч.ЗОТОЛ
УИХ-ын гишүүн гэхээс илүү цахим ертөнцийн идэвхтэй жиргээчийн хувиар олонд танигдсан хүн бол Мөнхчулууны Зоригт. Улстөрийн угшлын хувьд ИЗН-ынх. 2004 онд ахыгаа алдаж, дээр нь нялх хүүхэдтэй улстөрд учраа олохгүй явсан С.Оюунд өмөг түшиг болно хэмээн намд нь элсч Дорнод аймгаас Их хурлын гишүүнээр сонгогдож байв. 2012 онд Сүхбаатар аймагт нэр дэвшээд гишүүн болсон. Тус аймгийн Эрдэнэцагаан сум түүний аавын болоод өөрийнх нь төрсөн нутаг бөгөөд сонгуульд “Нутагтаа сайхан амьдарцгаая” хэмээн уриалж байв.
Тэрээр 1982 онд нийслэлийн VIII дунд сургууль, 1982-1990 онд Прага хотын Техникийн Их Сургууль, ШУТИС-ийг тус тус төгссөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй. “Бодь Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Бодь” группын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

ЯАХ ГЭЖ ГИШҮҮН БОЛСОН БЭ...
Тэрээр хаа яваа газраасаа элдэв зураг, янз бүрийн мэдээг цахим хуудастаа оруулахгүй байж чаддаггүй. Твиттер, фейсбүүкт оролгүй таван минут зүгээр сууж тэвчдэггүй. Тиймээс түүнээс “Компьютерийн хамааралтай болчихсон юм биш үү”, “Яах гэж УИХ-ын гишүүн болсон юм бол”, “Хөдөөгүүр хэсч зураг дарж явах юм. Хуралдаа сууж хууль батлалцах ёстой биз дээ” гэхчлэн олон нийтийн зүгээс асуултаар булдаг.
...Аавынхаа амьд мэндэд нутгаар нь нэг ч үзэгдээгүй хүн гэнэт “нутгаа санаж”, бүр намаа орхин (ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан) Ардчилсан намаас нэр дэвших болсон.
...Сүхбаатар аймгийн Соёлын ордны барилгыг “Бодь” групп кино театр болгож буй тухай мэдээ үргэлж шахам цацагдах боллоо. Энэ чинь зүгээр л бизнес шүү дээ. Гэтэл их л сайхан зүйл бүтээж буй мэтээр сурталчилж, Монголдоо гуравдугаарт орох театрт ч гэх шиг ярих болов. Харин ч энэ барилгыг, газрыг яагаад “Бодь” групп авав, ямар нэгэн сонгон шалгаруулалт болсон уу гэдгийг шалгаад үзэхэд гэмгүй.
Эх сурвалж:
www.unen.mn
@Tuvshinbayarj нэртэй хэрэглэгч түүнээс “Та ихэвчлэн хөдөө байдаг уу, энд ордонд ажиллаж байх ёстой биз дээ” хэмээн асуужээ. Гэтэл гишүүн “Наад ордонд чинь агаар дутаад хэцүү юм” гэжээ. УИХ-ын гишүүд хууль санаачилж, ард түмэн сонгогч олныхоо төлөө ажиллах ёстой.
Эх сурвалж:
/twitter.com/DeTuvshintur
ӨӨРТӨӨ, ФРАКЦИЙНХАНДАА ЗОРИУЛЖ ХУУЛЬ САНААЧЛАВ
Гишүүд хуулийн төсөл санаачлан боловсруулж, батлуулах хуулиар ногдсон эрх, үүрэгтэй. М.Зоригт энэ үүргээ хэр биелүүлэв гэвэл Д.Батцогт, С.Дэмбэрэл нарын хамт Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан нь популист зүйл байснаас хэтрээгүй. Буруу жолоотой автомашины импортыг хязгаарлах хуулийн төсөл санаачилсан нь хэсэг бүлэг хүний эрх ашигт үйлчилснээс иргэдийн амьдралд ямар ч хүртээлгүй. Ардчилсан хувьсгалын ахмадуудыг байртай болгох хуулийн төсөл өргөн барьсан нь намынхаа болоод фракцийнхаа эрх ашгийг хамгаалахад л чиглэсэн. Интернэтийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн барьсныг нь өөртөө зориулсан хууль хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байна.
ХАЯГДСАН ХӨШӨӨГ ЗАЛЖ, ХУУЧИН ТЕАТРЫГ ЗАССАНАА ШИНЭЭР БАРЬСАН ГЭВ
2014 оны байдлаар Сүхбаатар аймгийн АН, М.Зоригт гишүүний тайлагнаснаар бүтээн байгуулалтын 13 том ажил хийлээ хэмээжээ. Түүнээс есөн ажил нь Ч.Улаан, Р.Буд нарын үед шийдвэр гарч, эхлүүлжээ. М.Зоригтын хийсэн бүтээн байгуулалтын том ажил Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг бүтээлгэж Сүхбаатар аймгийн төвд залсан явдал аж. Гэхдээ тэр нь олон жилийн өмнө Дорноговь аймгийнхан Равжаа хутагтынхаа баримлыг бүтээлгэхээр захиалаад “Догшин ноён хутагтыг доожоогүй байдлаар бүтээлээ” хэмээн голсноор хаягдсан эд. Мөн сүхбаатарчууд дэлхийн стандарттай хөл нийлүүлсэн кино театртай боллоо гээд шуугисан. Нэгд, хуучин хөгжимт драмын театрын барилгыг засч, тоног төхөөрөмж суурилуулснаас хэтрээгүй. Хоёрт, М.Зоригт гишүүний хувийн өмч болсон. Гуравт, түүнийгээ шинээр барьсан хэмээн сурталчилдаг.
Баримт:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд дэлхийн стандартад нийцсэн кино театр аймгийн хүүхэд залуучууд, олон түмнийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглон шинээр барьж ашиглалтанд оруулав.
Эх сурвалж: “Мөнхчулуун сан”-гийн тайлангаас
Мөнхчулуун агсан амьд сэрүүн байсан бол нутгийнхныг нь ийнхүү хулхидаж, хуурч байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсан байх. Эмнэлгийн хүрэлцээ, тоног төрөөхөмж муутай Сүхбаатарынханд гавьяат эмч Мөнхчулууны нэрэмжит нэгдсэн эмнэлэг эсвэл оношлогооны ганц төв бариад өгчихсөн бол...
“ГАЖ ДОНТОЙ ЮМ БИШ БИЗ...
Сүүлийн үед тэрээр цахим хуудсаараа дамжуулан зүгээр нэг хобби ч бус эротик сонирхол илэрхийлэх болсон. Ажлын өглөө 08:00 цагт УИХ-ын гишүүн, улстөрч хүн төрийн ордноос порно зураг жиргээд сууж байх нь ардчилал юм уу. Бид ийм завхарсан ардчиллыг хүсээгүй. Зоригт өөрөө ичдэггүй юм гэхэд Сүхбаатарчууд, тойргийн сонгогчид нь санаа зовж байгаа даа. Бид ямар хүмүүсийг сонгож өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргуулахаар улс төрд илгээгээд байна вэ?
Эх сурвалж: ulstur.mn
М.Зоригт уулан дээр секс хийж байгаа хоёрын зургийг бахархалтайгаар тавиад “Хийхгүй байж чадсангүй. Гоё зураг байна. Бас л зэвүүн мэдрэмж өгөх байхдаа” гэжээ. Түүнчлэн манай нэгэн сэтгүүлч бүсгүйн нүцгэн зургийг оруулаад “нутгийн бүсгүй” гэх мэтээр нүцгэн шалдан зурагт дуртайгаа илчилсээр байна.
Эх сурвалж: Unen.mn
М.Зоригтын ухамсар, ичих булчирхай, ёсзүй эротик зургаар хэмжигдэв.
Эх сурвалж
www.wikimon.mn
Чуулганы хуралдаанд бараг суудаггүй эрхэм гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлын үеэр “Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгүй” гэсэн бичиг барьж суусан юм. Гишүүд хэнийг хэлээд байгаа юм бол хэмээн гайхширч, О.Баасанхүү гишүүн түүнээс “Дэнзэнгийн хадам аав хэн юм бэ, хэлээд өгөөч” гэж байв. Энэ үеэр сэтгүүлчид “Эрхэм гишүүний ухаан санаа хаана явна вэ” гэцгээсэн бол дэргэдүүр өнгөрч явсан МАН-ын гишүүд “Энэ М.Зоригт эрүүл байна уу” гэхчлэн жиг жуг гэлцэж байв. Саяхнаас М.Зоригт гишүүн улстөрд фракц хэрэггүй гэх ухааны юм ярих болсон. Өмнө нь бол фракц зөв гэх утгатай зүйл ярьж байсан билээ. Тиймээс эрхэм гишүүн маань нэг л биш байна. Ингэхэд түүний зорилго яг юу юм бол УИХ-ын гишүүн байх уу, эсвэл....