О.ЭРДЭНЭ
“Монгол Улсын төлөө” булангийнхаа энэ удаагийн зочноор 32 жил сувилагч хийж байгаа Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Хавдрын кабинетын Хөнгөвчлөх эмчилгээний сувилагч Ж.Цас-Ирийг урилаа.
-Сувилагчийн мэргэжлийг цаг наргүй ажилладаг хүнд хэцүү ажил гэж ойлгодог. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь юу байв?
-Би багадаа эмч болохыг хүсдэг байсан. Гэтэл бодол минь өөрчлөгдөж өвчтөнүүдтэй илүү ойр ажилладаг сувилагч болохыг илүү эрхэм болгосон. Энэ хүслээ биелүүлэхийн тулд Анагаах ухааны “Соёлч” дунд сургуулийн сувилагчийн ангийг 1979 онд төгссөн. Сургуулиа төгссөн жилдээ ажлын гараагаа Дархан-Уул аймгийн хүүхдийн эмнэлэгт эхэлж, 32 жил сувилагч хийж байна. Энэ хугацаанд Хүүхдийн эмнэлэг, Өрхийн эмнэлэг, Хавдрын кабинетад дөнгөж төрсөн нярай болон таяг тулсан хөгшчүүдийн өвчин зовлонг нь эдгэртэл асарч тойлж ирлээ. Хүнд хэцүү ажил нь үнэн. Гэвч хүнд туслах сэтгэл байгаа болохоор энэ ажлыг хийхгүй байж чаддаггүй.
-Таныг олон жил сувилагчаар ажилласан дадлага туршлага сайтай нэгэн гэж хамт олон тань үнэлдэг юм билээ. Энэ их хүндлэлийг олж авах амаргүй байсан уу?
- Сувилагчийн ажил хүнд хэцүү ажил гээд шантраад гардаг хүмүүс байдаг. Эмчийн зааврын дагуу бүхий л үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Би эмч нарынхаа үгэнд орж ажлаа үнэнчээр л хийсэн. Олон жил ажилласан ажлын минь үр дүн байх.
-Эмнэлэгтээ таныг шинэ зүйл санаачилсан гэх юм?
-Сувилагч хүнд байх ёстой бүх багаж хэрэгсэл ордог олон тасалгаатай даавуун уут хийсэн. Энэ уутны давуу тал нь сувилагч энд тэнд юмаа хаяж гээхгүй, шаардлагатай бүх зүйл нь нэг дор байдгаараа давуу талтай. Хөвөн, бэнт, нэг удаагийн бээлий, чагнуур, даралтын аппарат гээд их олон зүйл ордог. Тэгээд эвхээд цүнхэндээ хийчихнэ. Маш амар. Би үүнийг олон жилийнхээ туршлагад тулгуурлаж хийсэн. Цүнхэндээ бүгдийг нь хийхээр холилдчихдог. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй эмх замбараагүй байдаг. Надаас жишээ авч нар минь ийм уут хийлгэж байгаа. Ер нь улсын хэмжээнд байгаа сувилагч нар ч гэсэн энэ уутыг яагаад ашиглаж болохгүй гэж.
-Өвчтэй хүнийг дандаа асрах нь ядаргаатай санагддаггүй гэж үү?
-Өвчиндөө шаналж байгаа хүнийг асарна гэдэг юутай ч зүйрлэшгүй буян гэж би боддог. Тийм ч учраас миний болон гэр бүлийнхны минь ажил амьдрал үргэлж өөдрөг сайхан бүтэмжтэй явдаг байх. Асарч тойлуулж байгаа хүмүүсээс баярлалаа гэдэг үг сонсох ямар сайхан байдаг гээч. Гэхдээ олон дунд сайн муу хүмүүс байдаг л даа. Өвчиндөө шаналж уурласан уураа сувилагч нарт гаргадаг хүмүүс ч бас бий. Тэр хүмүүс эхэн үедээ уурлаж байгаад өвчнөө эдгээгээд эмнэлгээс гарахдаа уучлаарай гэж хэлдэг. Өвчтөнүүд уурлаж, инээж янз бүрээр харьцсан ч гэсэн хийх ёстой эмчилгээгээ цаг тухайд нь ном журмын дагуу хийдэг. Уурласан өвчтөнүүдэд адилхан муухай хандах ухамсар сувилагч нарт байдаггүй. Орой ажлаа тараад гэртээ харихдаа гэр бүлийнхнээсээ илүү эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүддээ санаа зовьж хонодог. Өвчтэй хүн асрах ядаргаатай санагдаггүй. Би тэднийг асарсныхаа төлөө цалин авч амьдарч байгаа.
-Та бас гэртээ хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдээр явдаг юм байна?
-Эмнэлэг дээрээ ажиллахаас гадна гэртээ хэвтэн эмчлүүлж байгаа өвдөлтийн шоконд орсон хүнд өвчтөнүүдийг эргэж тойрч асардаг. Тэдний овог нэр, утасны дугаарыг дэвтрийн цаасан дээр эгнүүлэн биччихсэн байгаа. Өнөөдөр ажлаа тараад хэд хэдэн газраар орно. Ойрд гэрийнхнээс нь сураг чимээгүй байгаа. Бие хаа нь ямар байгааг мэдэхгүй бол санаа амрахгүй байна.
-Хүнд зэргийн өвчтөнүүд хэр олон байдаг вэ?
-Өвчтөнүүддээ морфин бичиж өгөх үе хааяа гарна. Эмчилгээний журмаар олгох ёстой гэсэн журам байдаг. Тэр журмын дагуу дарга нарын зөвшөөрсөн гарын үсэг байсны үндсэн дээр олгодог юм. Хэтрүүлэн өгч болон бусдад зарж болохгүй. Тэгвэл хуулийн дагуу бид хариуцлага хүлээнэ. Яг үнэхээр өөрөө хэрэглэж байна уу гэдгийг нь бас судалдаг. Ер нь нэлээн сайн судалж байж өвчтөнүүдэд өгөхгүй бол мансууруулах төрлийн бэлдмэл учраас их аюултай.
-Таны үед байсан сувилагч нар, шинээр бэлтгэгдэж байгаа сувилагч нарын хооронд сурсан мэдлэг чадварынх нь түвшинд ялгаа бий юу?
-Ялгаа байгаа. Шинээр ажилд орсон сувилагч нар надаас мэдэхгүй зүйлээ сурч авдаг. Халдвар хамгааллын ажиллагааг дээд зэргээр сахихын тулд яах ёстой, дуудлагаар айлд очихдоо шаардлагатай эм бэлдмэл, түргэн тусламжийг хэрхэн яаж бэлдэж авч явах гээд их олон зүйлийг заалгадаг. Учир нь сургуулиа төгсөөд ирж буй шинэ сувилагч нар дуудлагаар айлд очиж өвчтөн үзэхдээ гараа угаадаггүй, нөгөө айлаасаа хөвөн, бэнт гуйдаг, дусал буруу залгадаг гэх мэт мэр сэр алдааг гаргадаг.
-Тэгэхээр сургуульд нь муу заасан гэсэн үг үү?
-Сургуульд сурсанаа амьдралд яг хэрэгжүүлдэг нь цөөхөн шүү дээ. Тэрнээс биш сургуульд маш тодорхой зааж байгаа. Сувилагч хүн эхнээсээ эмх цэгцтэй байхгүй бол яг тэр зарчмаараа ажиллаад сурчихдаг юм. Тиймээс л би энэ залуу сувилагч нарт өөрийн туршлагаасаа хуваалцаж, алдаа гаргахгүй байхыг нь сануулж хэлж өгдөг. Эмнэлэг дээр гараа угааж нэг удаагийн бээлий хэрэглэсэн хэрнээ, дуудлагаар айлд очихдоо гараа угаалгүй өвчтөнд хүрдэг тал бий. Энэ явдал одоо багассан. Манай сувилагч нар миний үгэнд орж, ажилдаа хайнга хандахаа байсан.
-Энэ хугацаанд авч байсан гавъяа шагнал олон биз?
-Эрүүлийг хамгааллын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны жуух, Аймгийн тэргүүний ажилтан, “Дархан” тэмдэг, ЭМЯ-ны жуух, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Долдугаар таван жилийн гавшгайч зэрэг одон медалиар намайг шагнаж байсан. Би гэхдээ шагнал авахын тулд ажиллаагүй шүү дээ. Хүн ер нь ямар ч ажлыг үнэн сэтгэлээсээ хийвэл тэр ажлаас олсон орлого нь юм болдог.