-Дөрвөн сая ам.доллар хэний данс руу орсон бэ?-

Б.ТӨГС
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан нэгэн баримтыг дэлгэлээ. “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэж бичээд хэд хэдэн гүйлгээний баримтын дүрсийг зураг болгож оруулсан юм.
Хууль зүйн сайдын дэлгэсэн орлогын гүйлгээний баримтууд нь багагүй мөнгөн дүнтэй байгаа юм. Тодруулбал, түүний дэлгэсэн “Голомт” банкаар шилжүүлсэн гурван гүйлгээ нь “Хоорондын тооцоо” гэсэн зориулалтаар нэг нь хоёр сая ам.доллар, нөгөө хоёр нь тус бүр нэг сая ам.долларын гүйлгээ байна. Хуулийг урдаа барьж компаниудаас авлига авдаг, авах авахдаа ийм их хэмжээгээр гэсэн санааг Хууль зүйн сайд харуулах гэсэн бололтой. Зурган дээр харагдаж байгаа гүйлгээнүүд бүгд 2012 оны арваннэгдүгээр сарын 26-нд хийгдэж. Салбарынх нь сайд авлигын хэмжээ гэж тодотгож байгаад ил гаргасан эдгээр баримтууд Авлигатай тэмцэх газрынхныг жинхэнээсээ хийх ажилтай болголоо. “Хоорондын тооцоо” гэсэн нэрээр шилжүүлсэн энэ мөнгийг хэний данс руу шилжүүлж, ямар нэрээр хүлээж авсныг олох нь хамгийн чухал. Баялаг бүтээгчид гэдэг чухам хэнд юу төлж, ямар дарамтын дор явж ирсэн бэ гэдгийг эндээс тодорхой харж болохоор байна.
Нөгөө талаас цахим ертөнцөд сайдын энэ үйлдлийг өөр өнцгөөс харах хүн олон байна. Яагаад хоёр жилийн өмнөх баримтыг дөнгөж одоо дэлгэж тавиад “баатар” болох гэж үзээд байна вэ гэсэн хардлага их байна. Х.Тэмүүжин сайд ноцтой гэж хэлж болох авлигын баримтуудыг зөвхөн өөрт хэрэгтэй цаг хугацаанд ашигтайгаар эргүүлэх гэж хадгалж байв уу гэсэн асуулт яалт ч үгүй гарч ирж байгаа юм. Гэхдээ ийм баримтыг өнгөрсөн хугацаанд ч, өнөөдөр ч Х.Тэмүүжингээс өөр зориглон гаргаж ирж чадах хүн өөр байгаагүй гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Сайдын жиргээ, баримт хаашаа хэн рүү хөтлөх бол...